
Өнөөдөр "ХҮНСНИЙ ШИМ ТЭЖЭЭЛЛЭГ ЧАНАР, БИОАЮУЛГҮЙ БАЙДАЛ" хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулж байна.
Энэхүү хэлэлцүүлгийг УИХ-ын байнгын хороод: Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороод, ҮХААЯ, НҮБ-ын ХХААБ, БОНХЯ, Биоаюулгүй байдлын үндэсний хороод хамтран зохиож байна.
Монгол улсын нийт хүн амын тоо 2011 оны байдлаар 2,811,600 хүрчээ. Хүн ам өсөхийн хирээр хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол тэжээлийн байдлыг сайжруулах асуудал төр засгийн нэн чухал зорилго болж байна. УИХ-аар Монгол улсын засгийн газраас өргөн барьсан Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулга, УИХ-аас өргөн барьсан Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хүнсний аюулгүй байдал гэдэг нь их өргөн хүрээтэй асуудал бөгөөд үүнийг Нийт хүн ам амьдралынхаа туршид эрүүл, идэвхитэй амьдралыг хангах, тэдгээрийн хэрэгцээ шаардлага болон дур сонирхолд бүрэн нийцсэн
хангалттай, аюулгуй, ШИМ ТЭЖЭЭЛЛЭГ, хүнсийг нийгэм эдийн засгийн нөхцлөөс үл хамааран жигд, тогтвортой хэрэглэх боломж бүрдсэн байхыг хүнсний аюулгүй байдал гэнэ гэж тодорхойлсон байдаг. Монгол улс өнгөрсөн хугацаанд хүнсний аюулгүй байдлыг хангахдаа хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хангамжийг сайжруулах тал дээр илүү анхаарч ирсэн. Гэвч хүнсний аюулгүй байдал бүрэн хангагдахад хүнсний шим тэжээллэг чанар мөн адил чухал юм. Хоол хүнсээр дамжуулан хангалттай шим тэжээл авч чадахгүй байгаа нь хүн амын дунд аминдэм, эрдсийн дутал, түүнээс шалтгаалсан эмгэгийн тохиолдол нилээд байгаагаар илэрч байна. Тухайлбал: тав хүртэлх насны хүүхдийн 28.5%, төрөх насны эмэгтэйчүүдийн 14.4%, жирэмсэн эмэгтэйчүүдийн 26.5% төмрийн дутлаас үүдэлтэй цус багадалттай байна. Эдгээр өвчтөнүүд амархан ядарч сульддаг, халдвар амархан авдаг, ажлын үр бүтээмж багатай, хүүхдийн өсөлт хоцролттой байх сөрөг үр дагавартай. Мөн 5 хүртэлх насны хүүхдийн 32.4% нь А аминдэмийн дуталтай, 21.8% нь Д аминдэмийн дуталтай байна. Энэ нь ийм тооны хүүхдүүд дархлаа султай, хараа муутай, рахиттай: майга хөлтэй, данхар толгойтой зэрэг гажигтай байх эрсдэлтэй гэсэн үг юм. Амин дэм, эрдэс бодисын дутлын тархалт нь зөвхөн Монгол улсад тулгараад байгаа асуудал биш юм. Ойролцоогоор дэлхийн нийт хүн амын 1/3 нь буюу 2 тэрбум орчим хүн нэг болон түүнээс дээш бичил тэжээлийн дуталтай байна. Ингэснээр бичил тэжээлийн дутал нь өлсгөлөнгөөс илүү том асуудал болж байгаа бөгөөд өвчин эмгэг тусах, амь насаа алдах, хөдөлмөрийн чадавхи буурах, улмаар амьдралын түвшин муудах, нийгмийн эрүүлийг хамгаалах зардлыг өсгөх зэргээр нийгэмд томоохон хохирол учруулж байна. Иймээс амин дэм, эрдэс бодисын дутлыг "нуугдмал өлсгөлөн" гэж томъёолдог байна. Монгол улс жил бүр эхийн эндэгдлээс 17,7 сая, цус багадалттай насанд хүрсэн хүн амын хөдөлмөрийн чадвар бууралтын улмаас 103,9 сая, бага насны хүүхдийн цус багадалт, фолийн хүчлийн дутлын улмаас тус бүр 67,3 ба 14,4 сая, нийт 203,3 сая долларыг алдаж байгааг эрүүл мэндийн эдийн засгийн тооцоо баталсан байдаг. Хүн амын хоол тэжээлийн дутал болон бичил хоол тэжээлийн дутлыг бууруулах замаар уг алдагдлыг 73,9 сая хүртэл багасгаж болохыг уг тооцоонд дурдсан байдаг.
НҮБ-ийн Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагаас уриалж буй хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хүнсний нэр төрлийг олшруулах, хүнсийг төрөл бүрийн амин дэм, эрдэс бодисоор баяжуулах зэргээр хүний бие махбодийн амин дэм, эрдэс бодисын хэрэгцээг хүнсээр нь дамжуулан хангах нь хамгийн үр дүнтэй, өртөг багатай арга стратеги хэмээн дэлхий дахинд хүлээн зөвшөөрч байна. Иймд төр засгаас хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, төмс, улаан буудайнаас бусад төрөл бүрийн хүнсний ногоо, үр тарианы үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар хүнсний нэр төрлийг олшруулах, хүнсний бүтээгдэхүүнийг, ялангуяа Монголчуудын үндсэн хүнс болох гурил, сүү зэргийг төрөл бүрийн амин дэм, эрдэс бодисоор баяжуулах арга хэмжээнүүдийг төрийн бодлого болон хөрөнгө оруулалтаар дэмжин хэрэгжүүлэх нь зүйтэй байна. Мөн энэ тал дээр ЭМЯ-наас хоол хүнсээс хамаарсан эмгэгийн талаар судалгаа хийж, судалгааны материалаа хүнсний үйлдвэрлэл хариуцсан ҮХААЯ-тай хуваалцан хүн амынхаа эрүүл мэндийг сайжруулахад нягт хамтран ажиллах шаардлага байна.
Дэлхийн зах зээлийн өнөөгийн чиг хандлагыг авч үзвэл хүний хүнсний хэрэгцээ, эм эмчилгээний бүтээгдэхүүнийг биотехнологи, нанотехнологигүйгээр ойлгох, төсеөлөх аргагүй байна. Энэ утгаараа бид дотоодын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүднээс энэ асуудлыг хуульчилж зохицуулах чухал юм.
Генийн инженерчлэлийн шинжлэх ухаанаас үүдэн гарч буй болгоомжлолууд, болзошгүй эрсдэлүүдийг тооцох. хяналтын тогтолцоог бий болгох, хувиргасан амьд организмын зах зээлийн өнөөгийн нөхцөл чиг хандлагыг энэ удаагийн хэлэлцүүлгээр бодлого боловсруулах түвшинд хэлэлцэж "Монгол хүн бол биологийн хувьд эрсдэлгүй аюулгүй, шимт чанартай хүнсийг хэрэглэх естой" гэдэг дээр санал нэгдэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ