Ц.Нямдорж: СЕХ-ны дарга өрөө төлж байна
УИХ-ын 2012 оны сонгуульд Өвөрхангай аймаг буюу 10 дугаар тойрогт нэр дэвшиж, УИХ-д сонгогдсон Н.Төмөрхүү, С.Чинзориг нарын нэрийг татаж, АН-аас нэр дэвшсэн Д.Зоригт, Г.Батхүү нарыг УИХ-д сонгогдсонд тооцож, улмаар гишүүний тангараг өргүүлэхээр СЕХ УИХ-ын даргад өргөн мэдүүлснийг МАН эсэргүүцэж, өчигдрөөс эхлэн жагсч, суулт хийж эхэлсэн юм. Үүсээд байгаа нөхцөл байдлын талаар гишүүдийн байр суурийг сонслоо.

Аль нэг намыг дэмжихдээ биш юм. Сонгуулийн ерөнхий хороо хууль зөрчсөн шийдвэр гаргаж байна. МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь хүртэл хууль зөрчсөн. Тэрний баталгаа нь одоо харагдаж байна шүү дээ. Шүүх хараат бус шийдвэр гаргаж чадахгүй байгаа. Ер нь СЕХ болон Шүүх намын талд үйлчилж байгаа нь илт.

АН-ын хоёр нэр дэвшигчийг ялсанд тооцож, Сонгуулийн сонгуулийн ерөнхий хороо шийдвэр гаргасан байна. Гэтэл уг маргаан шат шатны шүүхээр орох ёстой байсан. Хяналтын шатны шийдвэр гараагүй байхад Сонгуулийн АН-ын хоёр нэр дэвшигчийг ялсанд тооцож шийдвэр гаргаж байгаа нь маш буруу. Бие даагчид бол хараат бус, байр сууриа илэрхийлэх эрхтэй гишүүд. Түүнээс биш аль нэг намын талд орохгүй.

Монгол Улсын Үндсэн хууль хэрэгжихгүй болсон байна. АН-аас нэр дэвшсэн Д.Зоригт, Г.Батхүү нарыг тангараг өргүүлэх шийдвэр гаргасан нь Сонгуулийн ерөнхий хороо өрөө төлж байна гэж ойлголоо. Учир нь Сонгуулийн ерөнхий хорооны даргын бүрэн эрхийн зургаан жилийн хугацаа дуусаагүй байхад хөөж явуулсан. Түүний оронд тавьсан хүн төлбөрөө төлж байгаа нь энэ. Ингэж л улаан цагаандаа гарлаа. Монголд ер нь сонгууль гэж байхаа больчихож.

Яг одоо Сүхбаатарын талбай дээр гарч манай намын гишүүд ард иргэддээ дуу хоолойгоо хүргэн, хамтдаа жагсч байна. Бүлэг байгуулагдах асуудал чухал байна. Бүлэг байгуулах нь улстөрийн намууд, парламентад ойлголцох, зөвшилцөл явагддаг механизм. Тэгэхээр парламент өөрөө олон намын, олон үзэл баримтлалын мэтгэлцээн. Энэ талбарын өөрийнх нь нэг том механизм нь бүлэг юм. Бүлэг нь өөрөө МАН гэхээсээ илүү тухайн асуудлыг олон талаас нь харах, ойлголцоод явдаг энэ механизм нь байхгүй болохоор энэ парламент зөвшилцөлд хүрэхэд хүндрэлтэй байгаа юм. Монголын парламентын 22 жилийн түүхэнд ийм үйл явдал болоогүй. Өнгөрсөн жилүүдэд аль болох ардчилал, зах зээлийн харилцаа, Монголын нийтлэг эрх ашиг зэрэг олон зүйлийг бодож парламент дахь улстөрийн хүчнүүд аль болох ойлголцох, зөвшилцөх тал руу ажиллаж байсан. Тухайлбал, МАН өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд олонхи буюу 45 суудалтай байсан ч гэсэн бусад хүчнүүдтэй зөвшилцөж, чуулганы хуралдаан орхиод гарахад хуралдааныг шууд зогсоодог гэх мэтээр асуудлыг шийддэг байсан. Гэтэл шинэ парламент байгуулагдсанаас хойш маш олон асуудлыг хүч түрэн шийдэж байна.

Олонхийг бүрдүүлсэн улс төрийн хүчин өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлж хууль, бусад шийдвэрүүдийг гаргадаг ийм хэм хэмжээг тогтоолоо. Сонгогчдын шийдвэрийг уландаа гишгэсэн нь үнэхээр харамсалтай. Бид цөөнх ч олонхийн шийдвэрт хүлээцтэй хандаж ирсэн. Харин УИХ-ын дарга энэ шийдвэрийг нухацтай авч үзэх байх гэж бодож байна. Шат дарааллаад шүүхийн байгууллагаар явахад болдоггүй юм байна. Прокурор, цагдаад хандлаа. Үндсэн хуулийн Цэцэд хандавч бас л болсонгүй. Сонгуулийн ерөнхий хороо ямар юм бол гэсэн чинь үнэхээр нэг намын атганд орчихжээ. Үнэхээр хүчин мөхөсдөж байна. Тиймээс ард түмэн рүүгээ хандахаас өөр замгүй. Ард түмэнд энэ байдлыг хэлнэ. Иргэд бухимдаж, юу болоод байна гээд асуугаад байгаа.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ