
“Номин холдинг” ХХК-ийн зөвлөх, Монгол Улсын худалдааны гавьяат ажилтан, доктор, профессор А.Шагдарсүрэнтэй ярилцлаа. Сэтгүүлч миний бие энэ хүндтэй хүнтэй уулзаж ярилцлага авах сан гэж бодож багагүй хугацааг өнгөрөөсөн юм. Утас руу нь цохиход гол төлөв “Холбогдох боломжгүй” гэсэн дохиог өгдөг байсныг хэлэх юун. Учир нь тэрбээр Номингийнхоо 20 жилийн ойг тэмдэглэх гэж гадаад, дотоодод багагүй ажил амжуулж яваад ирсэн бололтой. Түүгээр ч зогсохгүй оюунаа хөглөн олон ном бичжээ. Ийн завгүй хөдөлмөрлөх түүний алтан цагаас хумсалж сэтгэлийнх нь ертөнцөөр цөөн хором аялсныг таалан болгооно уу.
Сайн байна уу. Шагдарсүрэн гуай. Та болзсон цагаасаа багагүй хожимдчихлоо. Төлөвлөөгүй ажил гарч ирээ юу?
Харин тийм ээ, уулзах цагаасаа цаг гаран хожигдчихлоо. Замын түгжрэлээс болж 120 мянгатаас хоёр цаг саатан байж ажилдаа ирдэг болчихлоо. Уг нь сурвалжлагчтай уулзана гээд л яарч байсан боловч зам болж өгсөнгүй.
Ингэхэд та жолоочтой биз дээ?
Үгүй ээ. Машинаа дандаа өөрөө жолооддог юм.
Таныг том компанийн зөвлөх болохоор жолоочтой л гэж бодож байлаа.
Жолоочтой байж үзээгүй дээ.
Таны машин хэд дэх өдөр замын хөдөлгөөнд оролцдоггүй вэ. Дугаараасаа шалтгаалаад машинууд нэг өдөр замын хөдөлгөөнд оролцдоггүй шийдвэр гарсан шүү дээ?
Миний машин тав дахь өдөр замын хөдөлгөөнд оролцдоггүй. Угтаа бол өргөн уудам нутаг дэвсгэртэй, цөөн хүн амтай монголчуудын хувьд машиныг нь журамд оруулахаас илүүтэй өөр олон ажил сэдмээр л санагдах юм. Машин хэрэглээ болсон энэ үед нэг өдөр зогсоход багагүй ажил уягдах янзтай.
Бизнес эрхэлдэг хүнтэй уулзсаных нэгэн зүйлийг зориуд асууя. Монголд бизнесийн орчин жил ирэх тусам сайжирч байна гэж үзэж болох уу?
Миний бодлоор бизнесийн орчин сайжирч байгаа боловч санаанд хүрэхгүй л байна. Бүтэн 20 жил бид бизнес хэмээх зүйлээр овоглуулж байна. Энэ хугацаанд дарамт шахалт байсаар байна. Жишээлбэл, барилгын салбарыг аваад үзье л дээ. Үнэнийг хэлэхэд барилгын зөвшөөрөл авах гэж бүтэн гурван жил хөөцөлдөж байна. Тэгэхлээр энэ салбарт хүнд суртал байна гэдэг нь цаанаа бол авлига хээл хахууль байгааг гэрчлэх мэт. Хүнд суртлыг заавал хээл хахууль дагалдаж байдаг болохоор ийн хэлж байна.
Та яагаад барилгын салбарыг онцлон яриад эхлэв?
Би өөрөө барилгачин. Дотооддоо боловсрол эзэмшсэн анхны барилгын инженер хүн. “Өнөр хотхон”, “RIVER GARDEN” гэсэн барилгын хоёр хотхоныг “Номин Констракшн” компани барьж байна. Энэ хотхоны газруудыг бид төрөөс аваагүй. Хүнээс худалдаж авсан газар дээрээ барилга барьж байна. Тухайлбал, Номин төрөөс газар авч байгаагүй. Бид 1500 айлын орон сууцыг бий болгож орчныг нь иж бүрэн тохижуулсан. Одоогоор 17 мянган мод тарьж ургуулаад байна. Цаашид энэ ажлаа Богд уултай холбож ногооруулах зорилго тавьж байгаа.
Ингэхэд та боловсролын тогтолцооны талаар ямар үзэл бодолтой явдаг вэ. Бүхий л зүйл боловсролоос эхэлдэг шиг санагдах юм?
Бас л хөлөө олохгүй явсаар байна. Боловсролын тогтолцоо гэхээс илүү боловсролыг хүмүүжлээс салгасан. Хүмүүжилгүй боловсрол нийгэмд тусгүй бүр аюул учруулах магадлалтай. Улсын их хуралд байхдаа би Боловсролын хуулинд хүмүүжил гэдэг үгийг оруулах гээд дийлээгүй. Одоо үед үнэндээ гэр бүл талаас хүүхдэд нөлөөлдөг хүмүүжил багассан. Сурлага хүмүүжил хоёр уг нь бол нягт холбоотой байж нийгэмд ач тусаа өгдөг.
Тэгвэл зах зээлд шилжсэн 22 жилийн хугацаанд монголчууд сэтгэлгээний хувьд шинэчлэгдэж чадсан уу?
Зах зээл сэтгэлгээний хувьд нэлээд шинэчлэл болсон. Ер нь аль ч нийгэмд сэтгэлгээ шинэчлэгдэж байж хөгжлийг авчирдаг. Манайхыг анх 20 жилийн өмнө худалдаанд хөл тавихад үйлчилж сураагүй, үйлчлүүлж сураагүй хоёр зовлон байлаа. Одоо бол гайгүй болж байна.
Ер нь манай монголчуудын экологийн боловсрол тун сул байна гэвэл Та хүлээн зөвшөөрөх үү. Зүгээр нэг хууль тогтоомжоор энэ асуудлыг шийдэх боломжгүй юм шиг бодогдох юм. Энэ талаар Та ямар бодолтой явдаг вэ?
Монголд экологийн боловсрол гэж ярихад нэг хэсэг хүнд байсан. Уг нь биднийг хүүхэд байхад булаг руу бузар юм оруулж болохгүй, сүүтэй шанагаар ус хутган авч болохгүй энэ тэр гээд бүр багаас яс маханд нь ортол байгаль орчноо хамгаалах талаар сургаад өгчихдөг байсан. Нэг үгээр хэлбэл эцэг, эх, эмээ өвөө нараас бидэнд байгаль орчноо хайрлах экологийн боловсрол олгож байсан нь тэр. Харин одоо нөгөө л хүмүүжилтэй холбоотой болохоор экологийн боловсрол хоцрогдоод байна. Байгаль орчны яам гэж нүсэр байгууллага ажиллаж, түүний харъяанд бүх аймаг, суманд салбар нэгж байна. Гэтэл өнөөдөр байгаль орчноо тэгж сүйтгэлээ, агаар ингэж бохирдууллаа гэж ярьж байна. Байгаль хамгаалах талаар хангалттай хууль тогтоомж гарч байна. Даан ч хэрэгжихгүй юм. Үүнийг хүмүүсийн боловсрол гэхээс илүү эх оронч сэтгэлгээ, байгаль орчноо хамгаалах ажил доголдолтой байна уу гэж бодогдох юм. Байгаль орчноо хамгаалах хүсэл эрмэлзэлтэй төрийн бус олон байгууллага байна. Тэгэхээр тэр байгууллагуудыг төрөөс дэмжээд өгвөл үр дүнтэй олон ажил хийнэ. Гол нь тэдэнд төрөөс санхүүгийн дэмжлэг өгөх хэрэгтэй. Мөн өнөөдөр хүний эрүүл мэндэд заналхийсэн хорт утааг багасгахын тулд зуух, түлштэйгээ алийн болгон зууралдах юм бэ. Ингэхийн оронд иргэдээ хямдхан эрчим хүчээр хангаад өгмөөр байна. Нар, салхины эрчим хүчийг ч ашиглах хэрэгтэй байна шүү дээ.
Хоёулаа ярианыхаа сэдвийг монголчуудын мэддэг, хүндэтгэн зорьж очиж үйлчлүүлдэг “Номин” компани руу чиглүүлье. Тэгээд ч “Номин” компани өдий зэрэгтэй дэвжин дээшилж байгаа нь танай гэр бүлтэй шууд холбоотой. Та үр хүүхэд, хань ижлээ танилцуулна уу. Тэд одоо ямар ажил эрхэлж байна?
“Номин Холдинг” ХХК-ийн үүсгэн байгуулагчид гэхээр манай гэр бүлийн гишүүдийн нэр бичээстэй байдаг. Би гурван хүүтэй. Ш.Баярсайхан маань энэ компанийн ерөнхийлөгч, Ш.Уламбаяр маань үйлдвэрлэл эрхэлсэн захирал, Ш.Энхбаяр маань гүйцэтгэх захирал агаад санхүү эрхэлсэн захирлын албан тушаалтай. Хань Р.Содном маань хүний нөөцийн зөвлөх. Уг нь хүний их эмчийн мэргэжилтэй. Үр хүүхэд бидний өдий зэрэгтэй яваа нь хань Р.Содномын маань өмөг түшиг гэдгийн онцлон хэлье.
Энэ 20 жилийн хугацаанд танай хамт олон хэрэглэгчдэд танигдсан. Харин Та бүхэн 20 жилийн ойн босгон дээр ажлаа хэрхэн дүгнэж байгаа тухайгаа хуваалцвал сонин байх болов уу. Ажлын гараагаа ер нь хэрхэн эхэлж байв. Юутай ч гэр бүлийн бизнес гэдгийг Таны ярианаас тань мэдэж авлаа?
“Номин-5” хувиараа эрхлэх аж ахуйг үүсгэн байгуулснаас хойш 20-хон жил болж байна. Хүнээр бол эр өсч, эсгий сунахын үлгэрээр гар нь ганзаганд, хөл нь дөрөөнд хүрч байна. Улс орон минь хөгжлийнхөө шинэ гараан дээр ирээд буйн адилаар Номин маань ч үсрэнгүй хөгжлийнхөө гараан дээр ирээд байна. Номингоор овоглогсод бид бизнесийнхээ гарааг таван гишүүнтэй халуун ам бүлийнхээ хүрээнд гэрийн үйлдвэрлэлээр эхэлж байхдаа өнөөдрийн энэхүү өндөрлөгт хүрнэ гэдгийг төсөөлөөгүй хэдий ч ихийг хийж бүтээх хүсэл зорилго, тэмүүлэл бидний сэтгэлд дүүрэн байсан. Манай компанийн үндэс суурь 1992 оны долдугаар сарын 11-нд “Номин-5” хувиараа эрхлэх аж ахуй /ХЭАА/ нэртэйгээр байгуулагдаж байсан бол 1996 оны нэгдүгээр сарын 22-нд “Номин трейд” ХХК, 2002 оны тавдугаар сарын 28-нд “Номин холдинг” ХХК болж өргөжсөн. Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, барилга, санхүү, даатгалын чиглэлээр зах зээлд өрсөлдөх чадвар бүхий 12 охин компани, 4000 гаруй ажиллагсадтай болтлоо өргөжин, сард давхардсан тоогоор 700 гаруй мянган хүн, олон зуун байгууллагад үйлчилж байна. Монгол Улсын хөгжил, нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмрээ оруулдаг үндэсний шилдэг компаниудын нэг болсонд миний бие сэтгэл хангалуун явдаг.
Үндэсний шилдэг компани болтлоо хөгжсөний нууц юу вэ. Та бизнесийнхээ нууцын талаар бага боловч дэлгэрүүлэхгүй юу?
Бидэнд бизнесийн нууц гэж байхгүй. Өөрөөр хэлбэл, бусдаас нууцлаад байх зүйл алга даа. Учир нь монголчуудын үе үеийн түүх бол бидний ухаан бодлын эцэг юм. Түүн лугаа Номинчуудын үе үеийн түүх Номинчуудын хувьд тийм л байх болно. Номингийнхоо түүхийг мартуулахгүйн тулд эхнээс нь тэмдэглэл хөтөлж, мартаж болохгүй үнэний баталгаа болсон баримт сэлтийг хадгалж байдаг. Үүнээс үндэслэн 2000 онд “Гэрээ засаад төрөө засмуй” тэргүүн боть, 2006 онд “Төр, түмнээ дээдэлсэн Номингийнхон” дэд боть, энэ удаа гутгаар ботийг бэлтгэн хэвлүүлж олны хүртээл болгоод байна. Хэрэглэгчээ хаанд өргөмжилсөн хүндэт зочин гэж үздэг Номингийхны “Түмнээ дээдэлсэн” гэдгийг хэн бүхэн ойлгоно. Харин “Төрөө дээдэлсэн” гэдэг нь нялуун үг шиг ойлгогдож магадгүй. Төрөө дээдэлнэ гэдэг нь төрийнхөө хууль тогтоомж, зарлиг, шийдвэрийг ягштал биелүүлэх эрхэм зарчмаа дээдэлж байдгаа илэрхийлж байгаа хэрэг юм. Бадрангуй тэмүүлэлтэй, ёс суртахуунлаг, бүтээлч хамт олон байх нь Номинчуудын нийтлэг уриа. Энэ уриа Номинчуудын нэг зүгт чиглэсэн зорилготой, нөхөрсөг хамт олон байх хүч нь, хөшүүрэг нь болдог. Тэр дундаа бадрангуй тэмүүлэл, ёс суртахуун, бүтээлч гэдэг үгнүүдийг Номинчууд их өргөн утгаар нь ойлгож түүнийхээ төлөө хичээн зүтгэцгээдэг юм. Ер нь товчхондоо бол энэ бүх номд амжилт болоод үр дүнд хүрсэн бүхий л зүйлээ дэлгэсэн байгаа. Тэгэхлээр юутай ч бизнесмэн хүн сайн санаа тээж явах юм бол амжилт ирдэг гэдгийг энэ 20 жилийн өндөрлөгөөс илүүтэй мэдэрч байна.
Таныг хүүхэд, залуусын оюуны хэрэгцээнд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан гэж сонссон. Та зүйр цэцэн үгийг монгол бичгээр буулган хэвлүүлсэн гэл үү?
Би эдийн засгийн чиглэлээр дэд докторын зэрэг хамгаалсан. Ер нь би өөрийнхөө амьдралыг тойрсон юм бичдэг. Тэр нь арай бодитой юм болов уу гэж үздэг. Мөн шүлэг, яруу найраг оролддог ухаантай. Өөрийнхөө хэмжээнд хэд хэдэн ном гаргасан. Түүнчлэн миний бие зүйр цэцэн үгийн цуглуулгыг олон жил хийсэн. Иймээс монгол бичгээр хадаж зүйр цэцэн үгийн толь гаргасан юм. Энэ нь монгол бичиг сурахыг хүссэн хүүхэд, залууст тус болох байх. Мөн зүйр цэцэн үгэнд хүмүүжлийн асар их ухаан, сэтгэлгээний нарийн философи нуугдаж байдаг юм шүү дээ.
Тэгвэл таны амьдралдаа мөрдлөг болгодог зүйр цэцэн ямар үг байдаг вэ?
“Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг үгийг байнга бодож явдаг. Хувь хүн өөрөө л хичээх юм бол бусад бүх зүйл аяндаа бүтнэ. Энэ ч утгаараа сэтгэл зүрхээ өгөөгүй зүйл үр дүнд хүрэхгүй. Тиймээс хүнд тэмүүлэл гэгч зүйл заавал байх ёстой. “Тэмүүлэл үгүй бол жигүүргүй шувуутай адил” гэж манай хүү Ш.Баярсайхан зүгээр ч нэг хэлчихээгүй бололтой.
Мөн таныг олон хүний номыг ивээн тэтгэж буян үйлдсэнийг дуулсан. Номоо хэвлүүлж чадахгүй яваа хүнд ингэж буян үйлдэх шиг сайхан ач тус ховор мэт санагдана. Энэ бүхнийхээ талаар Та тэр бүр яриад байдаггүй. Харин энэ удаа товч танилцуулахгүй юу?
Олон арван номыг санхүүжүүлэн ивээн тэтгэн хэвлүүлж номын цагаан буян үйлдсэн нь үнэн. Заримаас нь дурьдвал, “Майкл Жексон”, “Чингис хаан”, “Махагүргис, Модун”, Мандуул хаан”, “Галдан бошигт хаан”, Нобелийн шагналт, эдийн засагч Милтон Фридмений “Мөнгө ярьдаг сан бол...”, “Торгууд ардын аман зохиол”, “Чингис хааны нэвтэрхий толь”, “Ховд аймгийн түүхэн товчоон”, “Бас л завгүй” яруу найргийн цомог гээд уртаас урт жагсаалт үргэлжилнэ.
Ийм болоод л таныг хүмүүс Монгол түмнээ соён гэгээрүүлэх их үйлст сэтгэл оюун, хүч чадал, авьяас билгээ зориулж явахыг хичээдэг уран бүтээлч гэж сэтгэл бахдам бахархан ярьдаг байх нь. Саяхан Та гадагшаа яваад ирлээ гэж байсан. Хол явсан хүнээс үг сонс гэдэг. Хаагуур явсан бэ?
Шинжаан уйгарын Өөртөө засах орны нийслэл Үрэмч хотод Ази Европын 2012 үзэсгэлэн гарсан. Тэнд Эрдэнэт хивснийхээ үзэсгэлэнг гаргасан юм. Ингэж явах далимд Шинжааны нутгаар 82 настай төрсөн ах А.Пагамтайгаа явж их зүйлийг үзэж нүд тайллаа. Манай өвөг дээдсийн амьдарч байсан нутагт бидний мах цусны тасархай 180 монгол амьдарч байна. Эндээс бид Ховд аймгийн Булган сум хүртэл онгоцоор яваад Ярантын боомтоор машинаар гарсан. Эхлээд Чингэл, Ховог сайр зэрэг сумдаар орж Бор тал, Сайран нуур, Тэнгэр уул зэрэг 2500 гаруй км газраар явлаа. Хамгийн гол нь өнөөгийн Хятад орны хөгжил, газар тариалан, мал аж ахуй болоод орон нутаг нь хэрхэн хөгжиж байгааг үзэж сонирхсон юм. Тэндхийн монголчууд биднийг төрсөн ах дүү шигээ хүндэтгэн угтаж байсанд хэмжээлшгүй их баярласан даа.
Таны аян замын тэмдэглэлээс авахуулаад олон зүйлийг тань өдөр тутмын хэвлэл болон сэтгүүлээс уншсан юм байна. Та энэ зургаан давхрын цонхоор хараад бүтээлээ тавтай сайхан туурвидаг юм байна гэж ойлгож болох уу?
Ажлын өдөр бол энэ зургаан давхрын цонхоороо ч харж амжилгүй өнгөрдөг юм шүү дээ. /инээв/
Та спортоор хичээллэдэг үү. Одоо үед хүн болгон л идэвхтэй хөдөлгөөн хийж, зөв хооллохыг хичээдэг болсон байна?
Хүн өөрөө хоолоо тохируулж идэж, идэвхтэй хөдөлгөөнтэй байх юм бол урт насалж, өвдөхгүй байх боломжтой болжээ. Миний бие энэ бүхнийг сайн ухаарсан гэх үү дээ. Гэхдээ одоогоор ягштал ажил хэрэг болгоогүй л байгаа.
Баярлалаа танд. Илэн далангүй сонирхолтой яриа өрнүүлсэнд. Сүүлчийн асуултыг Танд үлдээе.
Танай сэтгүүлийн хамт олонд миний бие мөн адил баярлаж байгаагаа хичээнгүйлэн илэрхийлье. Ингээд Номингийнхондоо болон танай хамт олонд ажлын өндөр амжилт, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
Ярилцсан Б.Даариймаа
"TV 7 хоног" сэтгүүл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ