Хүн төрөлхтнийг ховсдон дуудагч “Улаан нүдэн” гараг
Хязгааргүй уудам тэнгэрийн орчилд зэвний өнгөт нэгэн гараг бий. Монголчууд энэ гарагийг улаан нүдэн гараг буюу Ангараг гараг гэж нэрлэдэг. Энэ гараг зуун зууны турш хүнтөрлөхтний хүсэл сонирхлыг соронздон татсаар байгаа юм. Яагаад? Ангараг гараг дээр эрт дээр цагт ус байсныг батлах олон баримт байдаг ч тэнд ус байгаа эсэх нь нууц хэвээр байна. Ангараг нь Дэлхийгээс бага нягттай учир түүний гадаргуугаас ямар нэг биет сансарт шидэгдэх хурд бага буюу 5км/с байдаг байна. Үүгээр Ангараг гараг яагаад нимгэн сийрэг агаар мандалтай байдгийг тайлбарлаж болно. Ангарагийн агаарын даралт нь Дэлхийн агаарын даралтаас бараг 100 дахин бага. Иймээс газрын гадаргуу дээр ус хадгалагдан үлдсэн байх магадлал тун бага юм. Гэвч Ангарагийн гадаргуу дээр харагдах урт хар судлууд хавар болгон түүгээр давстай ус урсдаг байж магадгүй гэсэн эргэлзээг төрүүлдэг.
Ангараг гарагруу хийсэн сансарын аялалын судалгаа, дүгнэлт, фото зураг, хөрсний дээжүүд нь Улаан нүдэн гараг дээр хэзээ нэгэн цагт асар том далай, түүнээс салаалсан олон тооны гол горхи байсан гэх таамгийг бидэнд үлдээсэн. Эдгээрээс гадна тэнд зөвхөн уснаас үүссэн эрдэс давс байсныг батлах баримтууд шинжлэх ухааны мэдээллийн санг баяжуулсан байдаг.
Балар эртний цагт бол нарны элч Ангараг гараг дээр харьцангуй сул очдог байсан. Харин судлаачид хэдийгээр үүнийг харуулах загвар зохиосон ч энэ нь тийм ч бодитой болж чадаагүй юм. Өнөөдөр дэлхийн дээр, ийм агаар мандал, орчин нөхцөлд хийсэн өндөр температуртай энэ загвараар бид Ангараг дээр балар эртний цагт ус хэрхэн оршиж байсныг тайлбарлахад үнэхээр хүнд байдаг.
Түүнчлэн Улаан нүдэн гарагийн гадаргуугийн одоогийн олон шинж төрх усаар бус салхи болон бусад өөр төрлийн механизмын үйлчлэлийн дүнд үүссэн байхыг ч үгүйсгэх аргагүй юм. Зуун зуун дамжин судлаач, эрдэмтдийн тархийг “гашилгаж” байгаа энэ гарагийг хүн төрлөхтөн яагаад цөхрөлтгүй сонирхсон хэвээр байдаг юм бол? Яагаад гэвэл тэндээс олдсон олон баримт эрт дээр үед Ангараг гараг дулаан чийглэг, устай, амьд амьдралтай байжээ гэдгийг батлаад байгаа юм.
Ангарагийн гадаргуугийн анхны зураглалыг Кристиан Гюйгенс 1659 онд хийсэн байдаг. Түүний хийсэн зураглал дээр Том Сиртийн хөндий гэгдэх V хэлбэрийн хар дүрс бий. Түүнээс хойш хийгдсэн зураглалууд телескоп хөгжсөн үед хийгдсэн учраас бүр нарийн зүйл, жишээ нь тэндхийн уул нурууд тодрон харагдсан байдаг.Харьцангуйн тодорхой зураглалыг 19-р зууны хоёрдугаар хагаст Жованни Скиапарелли хийжээ. 1877 онд Ангараг гараг Дэлхийд хамгийн ойртож ирсэн байна. Энэ үед Скиапарелли Италийн Милан хотоос ажиглалт хийсэн бөгөөд түүн дээрээ үндэслэн маш нарийн зураглал гаргаж чаджээ.
С.Хүрэлсүх доктор профессор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ