УТААТАЙ ХИЙХ ТЭМЦЭЛ БА УТААГҮЙ ЗУУХ
Намрын сэрүүн орсон энэ өдрүүдэд манайхан сониныхоо 15 жилийн ойг Тэрэлж амралтад тэмдэглэлээ. Шөнөдөө хасах хэмтэй болж сэрүүсэж буй ч таван ханатай монгол гэрт даарах нь байтугай сайхан амрав. Улайстал халуу дүүгэх “утаагүй” зуухны илчтэйг, бас цэвэр үзэмжтэйг биеэр мэдрэв. Жаахан нүүрс хийхэд л таван ханат маань пин хийтэл халуу дүүгэх нь урамтай. Бас бүрэн шаталттай тул шөнөжингөө паар мэт жигд хална. Нүүрс түлж буй айлын яндангаар андашгүй, хар утаа суунагладаг. Харин энэ зуух утаа гэхээр юм ялгаруулахгүй. Утаагүй гэх тодотголтой энэ зуух нийслэлийг маань энэ өвөл утаанаас салгаж магадгүй нь. Агаарын бохирдлыг бууруулах Үндсэний хороо, Цэвэр агаар сан, Мянганы сорилтын сангийнхан нийслэлийн агаарын бохирдлын 60 хувийг үйлдвэрлэж буй гэр хорооллын утаатай хийж буй тэмцлээ энэ зунаас эхлүүлсэн. Улаанбаатарын эргэн тойрон дахь гэр хороололд хязгаарлалтын бүсүүд тогтоож “Утаагүй зуух, “Гэрийн дулаалга” зэрэг кампанит ажлуудыг өрнүүлэв. Чингэлтэй дүүргээс эхэлсэн энэ ажил одоо Сүхбаатар, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт үргэлжилж 48 хорооны 175 мянган айл өрхийг утааны эсрэг тэмцэлд нэгтгэхийг зорьж байна. Гэр хороололд хязгаарлалтын бүсийг төрөлжүүлэн тогтоож дээрх кампанит ажлыг өрнүүлж буй. Энэ хүрээнд бүрэн шаталттай зуух нэвтрүүлэх бүсэд Чингэлтэй дүүргийн 12-18, Сүхбаатар дүүргийн 13-18, Сонгино хайрхан дүүргийн 3-11 болон 23, 26-28, 30, 31 дүгээр хорооныхон багтаж буй тул тэд утаагүй зуух заавал авах ёстой. Тиймээс Засгийн газар, Цэвэр агаар сан 250-450 мянган төгрөгийн үнэтэй энэ зуухны үнийг 95 хувь хүртэл хөнгөлж, 23500 төгрөгөөр иргэддээ санал болгож буй. АНУ-ын татвар төлөгчид ч Мянганы сорилын сангаар дамжуулан Улаанбаатарыг утаанаас салгахад өөрсдийн хувь нэмрээ оруулж эхэлсэн. Мянганы сорилын сангаас өгсөн мэдээллээс үзвэл өчигдрийн буюу энэ сарын 22-ны өдрийн байдлаар нийт 12945 өрх утааны эсрэг тэмцэлд хувь нэмрээ оруулаад байна. Үүнээс утаагүй зуух 9686, гэр бүрээс 2680, үүдний амбаар 576 ширхэгийг айл өрхүүдэд борлуулжээ. Гурван сарын хугацаанд эхний ээлжинд утаанаас салах ёстой 70 мянган өрхийн 20 хүрэхгүй хувь нь энэ кампанит ажилд хамрагджээ. Хямдхан бас өнгө үзэмжтэй ч утаагүй зуухтай болохыг иргэд тэгтлээ хүсэхгүй байна. Яагаад тэр вэ. Нэг талаас сүх далайтал үхэр амар гэдэг шиг тайван назгай байдал нь нөлөөлж буй бол нөгөө талаас зарим нэгний хөгжилтэй хөл нийлүүлж чаддаггүй хуучинсаг сэтгэлээ, туйлшралтай холбоотой бололтой. АНУ-ын Мянганы сорилын сан утаагүй зуух авсан иргэдийн хуучин зуухыг хурааж авах журам гаргасан юм байна. Үүнийг зарим нэг настангууд гал голомтоо хураалгасантай адил гэж үзсэнээс хуучин зуухаа шинээр солихгүй гэж зүтгэж буй гэнэ. Хэлмэгдүүлэлтийн он цагуудад айлын бурхан шүтээнийг хоймор дээрээс нь хурааж, гал голомтоор нь хоморголж байсан түүх бий. Харин энэ удаагийнх бол үүнээс огт өөр. Тулгын гурван чулуугаа зуухаар, зуухаа плиткаар сольж буйтай адил хөгжилд хувь нэмэр оруулах шинэчлэлийн нэг хэсэг. Утаатай зуухыг үзмэр болгож, Улаанбаатараа утаанаас салгах гэсэн нэг шийдэл. Гандантэгчилэн хийдийн хамба Д.Чойжамц гуай ч шашин номын сүсэг бишрэлийн талаас нь олонтоо тайлбарласан. Хуучин зуухныхаа үнсийг бойдортоо, эс бөгөөд шинэ зуухандаа хийгээд арц хүж, түлээ нүүрсээ хэрэглэхэд “гал голомт тань гал голомтондоо л үлдэнэ гэж. Гэвч үнэндээ үүнийг ойлгуулах, сэтгэлгээг шинэчлэх нь Улаанбаатарыг утаанаас салгахад гол бэрхшээл болох бололтой. Гэр хорооллынхны дийлэнх нь ахмад настан, хөгшүүл байдаг нь ч үүнд илүүтэй нөлөөлж байна. Ямартай ч Засгийн газар нийслэлийн агаарыг цэвэршүүлэхийн тулд иргэдийг тааламжтай бүхий л боломж, бололцоогоор хангаж байгаа. Утаагүй зуухыг 95 хувиар хөнгөлөхийн зэрэгцээ агаарын бохирдлыг бууруулах кампанит ажилд хувь нэмрээ оруулсан утаагүй зуухтай айл өрхүүдийн цахилгааны шөнийн хэрэглээг 50 хувь бууруулах тогтоолыг Эрчим хүчний зохицуулах газрын зохицуулагчдын зөвлөлөөс уржигдар баталлаа. Үүнд зааснаар нийслэлийн түүхий нүүрс хязгаарлах үндсэн бүсэд орсон, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуульд заасан үүргээ биелүүлсэн айл өрхийг хамруулахаар болов. (Агаарын бохирдлыг бууруулах хязаарлалтын бүс дэх дүүрэг хороодыг хүснэгтэд үзүүлэв ) Энэ мэтээр Засгийн газар утуутай тэмцэж буй айл өрхүүдэд үзүүлэх хөнгөлөлт, урамшууллыг бодитоор хэрэгжүүлж эхэллээ. Харин энэ урамшуулал, хөнгөлөлт удаан үргэлжлэхгүй нь тодорхой. Ирэх 11 дүгээр сараас өмнө утаагүй зуухаа авч, урамшуулалаа эдэлж чадахгүй бол Засгийн газар ирэх жил энэ хэвээр найрсаг байхгүй. Агаарын бохирдлыг бууруулах хуулийн дагуу хариуцлага тооцож төрийн төмөр нүүрээ харуулахыг үгүйсгэх аргагүй. Одоогийн байдлаар “Сэлэнгэ констракшн” компанийн нийлүүлж буй ”“Хас”, “Өлзий”, “Роял Өүшн”-ий “Дөл”, “Голомт” зэрэг зуух худалдагдаж буй. Тэд халаах талбайгаасаа хамаарч хоёр янзын үнэтэй. 4-5 ханатай гэр, 60 хүртэлх метр кв талбай халаахад зориулагдсан “Өлзий” зуухны үнэ 24300 төгрөг бол 100 хүртэлх метр кв талбай бүхий галлагаатай байшин, сууцанд зориулагдсан “Хас” зуухны үнэ 50800 төгрөг. Утаагүй зуух худалдан авснаар түлшний хувьд 30 хувийн хэмнэлт эдэлнэ. Нөгөөтэйгүүр, уг зуух нь утааг 80 хувь хүртэл бууруулах хүчин чадалтай учраас Улаанбаатар хотын агаарын бохирдол тодорхой хэмжээгээр бууруулахад иргэн та хувь нэмрээ оруулна гэсэн үг.. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажил зөвхөн утаагүй зуух нийлүүлснээр хязгаарлагдахгүй. Дулаан алддаггүй гэрийн бүрээс, үүдний пинг ч иргэдэд санал болгож байгаа юм. Гэрийн бүрээс 300000-350000 төгрөгийн үнэтэй бол үүдний пинг 80 мянган төгрөгөөр борлуулна. Эдгээрт мөн үнийн хөнгөлөлт орсон. Тухайлбал, үүдний пинг 320 мянган төгрөгөөр борлуулах ёстой ч үнийг дөрөв дахин бууруулж, 80 мянган төгрөг болгожээ. Харамсалтай нь гэр хорооллын зарим иргэд намрын сэрүү орохтой зэрэгцээд утаагаа үйлдвэрлэж эхэлсэн харамсалтай мэдээлэл байна. Хар утаа яндангаас нь суунаглаж эхэлснийг утааны байцаагч нар илрүүлж эхэлжээ. Тиймээс нийслэлд оршин суух эрхээ эдэлж буй ч үүргээ биелүлж чадахгүй байгаа тэдтэй хэн ямар хариуцлага тооцох гэж байна вэ? Утаатай тэмцэхэд иргэн бүр ялангуяа гэр хорооллынхны хүлээх үүрэг байх ёстой. Харин утаагаа үйлдвэрлэсээр, утаагүй зуухнаас татгалзсаар байвал тэднийг өвлөөс өмнө нийслэлээс нүүлгэж яагаад болохгүй гэж! Түүхий нүүрс түлэхийг хязгаарласан үндсэн бүс Баянгол дүүрэг 9, 10, 11, 16, 21, 22, 23 дугаар хороо Боловсруулсан түлшний нөөц нэмэгдсэн тохиолдолд түүхий нүүрс хязгаарлах дэд бүс: Чингэлтэй дүүргийн 7-11 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн ес, 11, 12, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Бүрэн шаталттай зуух нэвтрүүлэх бүс: Чингэлтэй дүүргийн 12-18, Сүхбаатар дүүргийн 13-18, Сонгинохайрхан дүүргийн 3-11 болон 23, 26-28, 30, 31 дүгээр хороо Баянзүрх дүүргийн хоёр, дөрөв, тав, 19, 21, 22, 27 дугаар хороо
Д.Оюун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ