Гамшгаас урьдчилан сэргийлэх өдөрлөг болж байна
Сүүлийн үед нийслэлийн онцгой байдлын газарт галын дуудлага багагүй ирэх болжээ. Иймд ОБЕГ-аас өнөөдөр “Гамшгаас урьдчилан сэргийлэх өдөрлөг”-ийг Эрх чөлөөний талбайд зохион байгуулж байна. Уг өдөрлөгт нийслэлийн удирдлагууд, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд оролцож байгаа аж. Уг өдөрлөгийг хүрээнд Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага аж ахуйн нэгж, амьдарч байгаа айл өрхүүдэд болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн аюулгүй байдлыг хангуулах нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байна. Нэгдсэн ажлын хүрээнд гэр хорооллын айл өрхүүдэд болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт хийж, хороодын Засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нар, иргэдэд гэр хорооллын гамшгаас хамгаалах, галын аюулгүй байдлыг хангуулах талаар сургалт зохион байгуулж, хөдөлгөөнт ухуулга сурталчилгаа явуулж байгаагаас гадна гэр хорооллын гудамж замуудад байнгийн мэдээлллийн самбар байрлуулжээ.
Мөн энэхүү нэгдсэн ажлын үеэр гэр хорооллын гудамж хоорондын зай хэмжээ алдагдсан нийтийн эзэмшлийн гудамжийг нарийсгасан байдал, зам гарцыг хааж мухар гудамж гаргасан, өндөрлөг газар болон гуу жалганы ирмэг дээр буусан айл өрхөд шуурхай албаны автомашин очих боломжгүй болсон зөрчлүүдийг арилгуулж, айл өрхүүдийн цахилгаан ашиглалтын аюулгүй байдлыг хангуулан, цахилгаан эрчим хүчний ашиглалт, угсралтын буруугаас гарсан галын тоо, хохирлыг бууруулах арга хэмжээг авч ажиллахаар болсон байна.
Дашрамд дуулгахад, он гарснаас хойш энэ сарын 13-ний өдрийг хүртэл нийслэл хотын нутаг дэвсгэрт нийт 1365 гал түймэр гарч, түүний улмаас 23 хүн түлэгдэн, 18 хүн нас барж, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд гурван тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3 хувиар өссөн байгаа аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ