
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өнөөдөр Гадаад харилцааны яамны Зөвшилцөл” танхимд сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад хариулт өгч нээлттэй ярилцлага хийлээ. Энэхүү уулзалт нь Шинэчлэлийн Засгийн газрын гишүүдийн долоо хоног бүр ажлаа танилцуулж буй нээлттэй ярилцлагын нэг бөгөөд өнөөдөр тэрбээр Хүн амын хөгжлийн цогц бодлого, нийгмийн хамгааллын салбарын шинэчлэл гэсэн хоёр чиглэлээр мэдээлэл хийсэн.
Хүн амын цогц бодлогыг тодорхойлохын тулд ахмад настан, эмэгтэйчүүд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд гэсэн үндсэн таван чиглэлээр цуврал чуулган зохион байгуулахаар төлөвлөн хэрэгжүүлж буй. Ирэх сард Хүүхдийн чуулганыг хоёр үе шаттайгаар зохион байгуулсны дараа тус яамнаас ажлын хэсэг гарч, хүн амын цогц бодлогыг судлан, баримт бичгийг боловсруулах юм байна. Энэхүү баримт бичиг ирэх есдүгээр сард бэлэн болж, Засгийн газарт өргөн барих аж.
Нийгмийн хамгааллын салбарын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулахын тулд зорилтот бүлгийг зөв тодорхойлох шаардлагатай. Зорилтот бүлгийг оновчтой тодорхойлсноор нийгмийн халамж зөв хуваарилагдана гэж тус яамнаас үзсэн байна.
Түүнчлэн манай улсын 700 мянган өрхийн 80 хувь нь 1-2 хүүхэдтэй байхаар төлөвлөх болсон, цаашдаа хүн амын өсөлт зогсох шинжтэй байгаа тул гурав дахь хүүхдийг дэмжсэн бодлого хэрэгтэй. Иймд эхний хоёр хүүхдэд 0-2 нас хүртэл нь сар бүр 80000, харин гурав дахь хүүхдэд 120000 төгрөг олгох зохицуулалт хийхээр ажиллаж байна. Өндөр настны тэтгэвэр, халамжийн тэтгэмжүүдийн доод хэмжээг 30 орчим хувиар нэмэхээр тооцоо судалгаа хийж байна. Нийгмийн даатгалын тогтолцоонд гурван үндсэн шинэчлэл хийснээр эрүүл мэндийн салбарыг цааснаас салгаж, салбарын үйлчилгээг зах зээлийн механизмд бүрэн нийцүүлж, улмаар даатгуулагчийг хаанд өргөмжлөх зохицуулалт удахгүй ажил хэрэг болно.
Амьжиргааны түвшин доогуур, нийгмийн халамжийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай өрхүүдэд олгодог хүнсний талоныг зорилтот эздэд нь хүргэхээр шинэчилсэн судалгаа хийж эхэлсэн, хөгжлийн бэрхшээлтэй 110 мянган иргэнээ дэмжиж хамгаалах бодлогоо шинэчлэхээр үндэсний хэмжээний судалгааг дуусгалаа, Хүний хөгжлийн сангийн 21 мянган төгрөгийг гүйцээн өгөхөөр улсын төсөвт 32 тэрбум төгрөг суулгасан, ирэх зургадугаар сараас олгож эхэлнэ гэсэн мэдээллийг салбар хариуцсан сайд өглөө.
Хүүхдийн эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдтэй холбогдуулан сум, хорооны нийгмийн ажилтнууд, хариуцсан албан хаагчдын ажлыг ихээхэн шүүмжлэх болсон. Гэтэл бодит байдал дээр нийгмийн ажилтнууд айлд нэвтрэх эрхгүй, хүүхдийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрх зүйн зохицуулалтгүйгээс ажил үүргээ бүрэн хэмжээнд гүйцэтгэж чаддаггүй. АНУ зэрэг оронд нийгмийн ажилтнууд торгууль тавих, баривчлах, тэр бүү хэл эцэг эх байх эрхийг нь хасах эрхтэй ажилладаг аж. Иймд нийгмийн ажилтны эрхийг нэмж, хариуцлагыг өндөржүүлэх чиглэлээр ажил эхлүүлсэн байна.
Гадаад иргэдтэй суух, гадаадад хүүхэд үрчлүүлэх гэх мэт асуудалд бас бодлогын өөрчлөлт хэрэгтэйг салбар хариуцсан сайд тодотгож, энэ чиглэлээр ажлууд эхлүүлснээ дуулгалаа. Түүнчлэн, монголчууд олноор амьдарч буй улс, хотуудад нийгмийн хамгааллын үйлчилгээний төвүүд нээж байгаа аж.

Энэхүү мэдээллийн дараа Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ сайд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв.
-Тэтгэвэрийн даатгалын тогтолцоонд ямар шинэчлэл хийж байгаа вэ?
-Бид хамтын тэтгэвэрийн даатгалын тухай хууль, бусад хуулийн хүрээнд даатгал төлсөн хүний мөнгө зөвхөн тухай хүний мөнгө бус гэр бүл, гишүүдэд нь давхар үр өгөөжөө өгдөг байх хуулийн төслүүдийг боловсруулж байгаа. Тухайлбал, давхар даатгалын тухай хууль дээр тэтгэвэрт гарсан хоёр ахмадын хэн нэг нь түрүүлж бурхан болсон тохиолдолд үлдсэн нь нөгөө тэтгэвэрийнх нь 50 эсвэл 70 хувийг авдаг байх зэргээр хуульчлахаар төлөвлөж байгаа. Мөн хэн нэгэн боломжтой үед нийгмийн даатгалын шимтгэл нэмж төлөх зэргээр өмчийн олон хэлбэрийг бий болгохоор яригдаж байна.
-Хавтгайрсан халамжийн бодлогоос татгалзах уу, 21 мянган төгрөгийг тарааснаар хүмүүсийн амьдралд нөлөөлсөн зүйл бий юу?
-Шинэчлэлийн Засгийн газрын бодлогын хүрээнд хавтгайрсан халамжийн бодлогыг цаашид үргэлжлүүлэхгүй. Нэгэнт төрийн шийдвэр гараад хэрэгжээд олонхи нь авсан цөөн хэсэг нь аваагүй байсан учраас үлдсэн хүмүүсийн мөнгийг олгохоор болсон. Мөн эх орны хишиг болох өндөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мөнгийг олгосон. Ингэснээр энэ мөнгө өгдөг бодлогыг цэглэж, иргэд рүүгээ чиглэсэн нийгмийн хамгааллын бодлогыг зөв тодорхойлоё гэсэн чиглэл барьж ажиллаж байгаа. Бидний гол бодлого бол зорилтот бүлгийг зөв тодорхойлж, нийгмийн халамж, хамгаалал зайлшгүй хэрэгтэй хүмүүст нь хангалттай халамж үзүүлээд, өөрөө өөрийхөө амьдралыг аваад явж чадах иргэдэд жижиг дунд бизнесийг дэмжиж зээл олгох, өөр чиглэлээр асуудалд нь анхаарахаар гол бодлого тодорхойлоод байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ