Гадаадад үлдсэн санал
Гадаадад буй санал өгөх иргэдийн бүртгүүлэх өдөр өчигдөр дууслаа. Түрүүчийн 2012 оны сонгууль хилийн чанадад суугаа Монгол Улсын 39 дипломат төлөөлөгчийн газар явагдсан бөгөөд нийт 4276 иргэн сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлснээс 2777 сонгогч буюу нийт сонгогчийн 64,9 хувь нь саналаа өгч байжээ. Харин энэ жил 3500 орчим иргэн саналаа өгөхөөр бүртгүүлсэн сураг байна. Албан бус ойролцоо тоогоор 110 мянга гаран иргэн маань гадаадад амьдарч ажиллаж байгаа гэсэн тоо бий. Энэ тоогоор жишиж харвал тун цөөхөн хэсэг нь эрхээ эдэлж, төрийн тэргүүнээ сонгох сонгуульд ач холбогдол өгөхөө илэрхийлсэн байна гэж болохоор.
.
Гадаадад байгаа монгол иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах нийт 39 салбар комисс байгуулагдаж тэдгээрт 170 орчим хүн ажиллаж байгаа болоод нэлээд эртнээс тэдний саналаа өгөх журмыг баталж иргэд дипломат төлөөлөгчийн газарт биечлэн ирж, эсхүл шуудан буюу цахим шуудан, факсаар сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлнэ гэсэн боломжуудыг олгож, сонгууль эхлэхээс 40 хоногийн өмнө буюу 25 хоног бүртгэсэн нь зохион байгуулалт талаасаа тийм ч муу байгаагүй гэж болно. Гэвч маш бага иргэд саналаа өгөхөөр бүртгүүлжээ. Нэгэнт журам байгаа тул өчигдрөөр бүртгүүлж чадаагүй гадаадад байгаа иргэд саналаа өгөх боломжгүй боллоо.
.
Анх гадаадад байгаа иргэдээсээ санал авах болуут л ...Эргээд ир, та нарыгаа мартаагүй гэсэн урилга заллага, янз бүрийн амлалтуудыг олон ч томчууд дуучидтай хавсран хийж, эх орноосоо хол яваа хэдийг их ч уйлуулж, их ч мөнгө шатааж ирсэн. Гэлээ ч гадаадад байгаа болон гадаадад руу чиглэсэн иргэдийн тоо буураагүй л байна. Тэдэнд итгэж зориглоод эх орондоо очсон нэг нь ажил олдохгүй таних хүнгүй дэмий баахан мөнгөө үрээд буцахын хүсэл болж байгаа. Ийм байхад аргагүй. Тэгээд ч гадаадад байгаа иргэд бол харьцангуй их Парагматик болсон хүмүүс хий хоосон амлалт янз бүрийн сэтгэл хөдлөлд нэг их автаад байхгүй. Тэд эх орондоо хайргүйдээ бус монголын улс төрийн амьдралын бохир, бас үе үеийн сонгуулийн найдваргүй амлалтуудын салхийг мэдэрсэн болохоор, нэг их идэвхтэй хөдлөхгүй байх шиг байна.
.
Магадгүй монголын улс төрийг тухайн байгаа орныхоо улс төр, нийгмийн байдал иргэддээ тавьж байгаа анхаарал, үйлчилгээтэй нь харьцуулж үзээд үнэндээ голох сэтгэл төрж үүнийгээ сонгуульд идэвхигүй хандаж байгаа энэ хандлагаараа илэрхийлж байж болох юм. Тэдний нүдээр үе үеийн сонгуулийн бэлэн мөнгөний амлалтыг сонсоод хөх инээд нь хүрч байсан байх. Тухайн оронд иргэд нь тэгж зүгээр бэлэн мөнгө авч, хэвтэж байгаад хөгжиж болно гэж итгүүлдэг улс төр байхгүй байгаа. Товчхондоо гадаадад байгаа иргэд маань улс орныхоо улс төрийн хүрээний үйл явцад сэтгэл дундуур байгаагаа дахин хэлж дийлэнх нь Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөхийг хойш тавилаа гэж хэлж болохоор байна.
.
Тухайн орон амьдарч байгаа нөхцөл, эрхэлж байгаа ажил, амьдралын онцлогууд нөлөөлсөн байж болох хэдий ч гадаадад байгаа иргэдийн хэт олонх нь сонгуульдаа оролцохгүй болсон урьдчилсан тоон мэдээ нэгэнт гараад байна. Гадаадад цөөнгүй санал үлдлээ. Хүний газар нэрээ гэж яваа тэднийгээ нэг их дэмжиж тусалдаггүй юмаа гэхэд “Олуулаа больёо гэж хийрхэн, ажил амьдрал байна хүрээд ир” гэж худлаа залж үймүүлэхээ больмоор байгаа юм даа. Үнэхээр улс орон нь өөр болоод ирвэл тэд хэнээр ч ятгуулж гуйлгахгүйгээр эх орон, ээж аав дээрээ зүүн хацраа үнсүүлэхээр хүрээ л ирнэ.
.
П.Баярхүү /тоймч/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ