Нэр дэвшигчид “Харизм” хийж чадах уу ? 33/10
Хөлтэй хөөртэй хүүхдийн баярын өмнөх сонгуулийн сурталчилгаа хэвийн даруухан үргэлжилж байна. МАН-ын нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн жигүүрээс гарч ирж байгаа мэдээ мэдээллүүд анхаарал төвд байсан хэвээр л байна. АН-ынхан “Аваргын ард нуугдсан Авилгачид “ гээд чимхээд байхаар нь МАН “Элбэгээгийн ард хэн нуугдана вэ “ гээд зөрүүлсэн байна. ...Мэдээж хууль бус үйлдлээ “хавтаст хэрэг”-тэйгээ тэврээд олон эрхэм нуугдаж байгаа. Үндсэн хууль зөрчиж “Алтангадас” фракцийнхаа найзыг ТЕГ-ын хаалгаар бус тооноор нь дарга болгож орхидог “ичдэггүй” Норовын хүү Алтанхуяг лав байгаа даа. Элбэгээг сэнтийнээсээ буухаас нааш энэ хүний ичих булчирхай ажиллаж Засгийн газрын тэргүүнээс буухгүй л болов уу. Алдарт 17 тэрбумын тендерийн “загалмайлсан эцэг”, Засгийн газрын хэмжээлшгүй эрхт “жонон” Дэнзэн Элбэгээгийн жижигхэн биений ард бас л хомоол урдаа тэврээд араар нь булталзах мануул адил нуугдаж байгаа ... гэсэн байна. Бас л том жижиг биений тухай яриа хавчуулагдаад л байна.
.
За мөн ерөнхийлөгч болох хүсэлтэй нэр дэвшигчдийн зарим нь Харизм гэгчийг хийж сурах хэрэгтэй болоод байна. Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Ц.Сүхбаатар:....Төрийн тэргүүний чадвар, хувь хүний харизм буюу бусдыг татах, итгүүлэх чадвар нь энэ үед харагддаг. Олон орны төрийн тэргүүнүүдийг нэг дор цуглуулж, тусгаарлаад хооронд нь уулзуулах аргыг сүүлийн үед гадаад харилцааны практикт их хэрэглэх болсон. Яг ийм үед л төрийн тэргүүнүүдийн өөрийнх нь авьяас чадвар, бэлтгэгдсэн боловсрол, бүх юм тэнд харагддаг. Энэ тал дээр манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрөө төрөлхийн авьяастай, дээрээс нь өнгөрсөн хугацаанд өөрийгөө боловсруулж бэлтгэсэн чадвар нь Монгол Улсад үр өгөөжөө өгч байгаа гэж би боддог юм.. хэмээн ярьсан нь МАН-ын нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ аваргыг тэр Харизм гэдэг юмыг нь адилхан хийж чадахаа харуулах хэрэгтэй болгоод байна. Уг нь бол Бат-Эрдэнэ аварга ярих юмаа сайн ярьчихдаг, ярих урлагийн чадварыг эзэмшсэн хүн гэдгээ харуулсаар л байгаа. Бас Н.Удвал нэр дэвшигчийг багадаа жүжиглэх авьяастай тэр нь улс төрд ороход нь их зохисон гэж нэг сайт дээр чимхсэн байна.
.
Нэр дэвшигчид уулзалт ярилцлагаа өрнүүлсээр л байна. Увс аймагт нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг халуун дотноор угтсан талаар ....Монгол төрийн өндөр босгыг гурван удаа давж парламентад сонгогдсон хүн. Нэг тойргоосоо тасралтгүй гурван удаа УИХ-д сонгогдоно гэдэг хэлснээ хийдэг хүний л хийж чадах ажил билээ. Тиймээс л ам, ажил нь зөрдөггүй Б.Бат-Эрдэнэ шиг Ерөнхийлөгчтэй болохсон гэж Увсын ард түмэн хэлж байна лээ. Тэд Б.Бат-Эрдэнэ аваргадаа дараагийн даалгаврыг нь өгье гэж байна. Монгол төрийн жолоог залах хариуцлагатай үүргийг түүнд даатгая гэсэн гэнэ.
.
Харин Ц.Элбэгдорж нэр дэвшигч “Нарантуул” худалдааны төвд очсон байна. “Иргэд удахгүй болох сонгуульд амжилттай оролцож, өмнө нь хийгээд эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэн, илүү их амжилт гарган ажиллахыг хүсээд, Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжиж, санал өгөхөө Цахиагийн Элбэгдоржид аминчлан хэлж байсан юм. Ц.Элбэгдорж “Нарантуул” худалдааны төвийн гутлын тасгаас бяцхан хүүхдийн гутал худалдан авлаа. Тэрээр иргэд, олон нийтдээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, олуулаа хангалуун сайхан амьдрах эрх, боломж байгаа шүү гэдгийг худалдаачидтай уулзахдаа хэлсэн үгэндээ онцолж байлаа” гэсэн байна. Н.Удвал нэр дэвшигчийн тухайд өчигдөр Төв аймаг болон нийслэлийн “Хархорин” захаар явж уулзалт хийнэ гэж байсан. Бодвол ганц бүсгүй нэр дэвшигчээ сонгогчид халуунаар угтан дэмжихээ илэрхийлсэн байх энэ талаар мэдээ нэг их харагдахгүй байна боловсруулагдаж байгаа юм болов уу даа.
.
Маргааш хамгийн сайхан ертөнцийнхний баяр. Хүүхдийн баяр. Нэр дэвшигчид бас зүгээр суухгүй л байлгүй. Гэхдээ баяр нь баяраараа, сонгууль нь сонгуулиараа байсан нь дээр биз дээ. Нэр дэвшигчид ч гэсэн бүгдээрээ л эцэг, эх хүмүүс болохоор гэр орондоо цаг гаргах байх аа.
Нэр дэвшигчдийн сурталчилгааны 33/10 дахь өдөр гэгээн ариун хүүхдийн баярын битүүний өдөр тохиолоо. Сурталчилгааны 33-10 дахь өдөр яаж өрнөхийг харцгаая.
.
П.Баярхүү /тоймч/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ