Монгол эгч, дүүс дэлхийд цахиур хагаллаа
Монголчууд дэлхийн хаана ч авьяас чадвар, эрдэм мэдлэгээрээ гайхагдаж чаддаг. Гагцхүү монголчуудын авьяас чадварыг уйгагүй хөдөлмөр, давтлагаар өндөр түвшинд олгох нь чухал байгаа юм. Үүний нэг тод жишээ нь энэ сарын 26-нд дэлхийн сонгодог урлагийн өлгий гэгддэг Итали улсаас зохион байгуулсан Олон Улсын 15 дах удаагийн Euterpe хөгжмийн тэмцээнд монгол хүүхэд анх удаа оролцлоо.
Тус тэмцээнд 10 настай Мэндсайханы Анужин охин хийл хөгжмөөр утсан хөгжмийн Б ангилалд оролцож, 96 оноогоор нэгдүгээр байрт шалгарч, алтан медалиар шагнуулжээ.
Харин түүний төрсөн дүү болох таван настай Мэндсайханы Анунгоо охин хийл хөгжмөөр утсан хөгжмийн А ангилалд оролцож, 93 оноогоор хоёрдугаар байрт шалгаран мөнгөн медалиар энгэрээ мялаагаад эх орондоо ирлээ.
Энэ үйл явдал монголын сонгодог урлагийн түвшин хийгээд, түүнийг дэлхий дахин хэрхэн үнэлж байгаагийн тод илрэл гэж хэлж болохоор байна. Тэмцээнийг шүүн явуулсан профессорууд бяцхан охин М.Анунгоогийн чадварыг өндрөөр үнэлж, их ирээдүй байгааг сануулж, эцэг эхэд нь бэлтгэл сургуулалтыг нь таслахгүй байхыг захижээ. Тэмцээнд амжилттай оролцсон монгол эгч, дүүсийг Хөгжим бүжгийн коллежийн багш Д.Галбадрах бэлтгэн оролцуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ