Засгийн газар "ИХ гэрэл"-ээ асаа!
Хүүхдийн төлөө гэдэг бүхэн өөрсдийгөө харуулах, хатуухан хэлэхэд рекламдах өдрүүд бол энэхүү жил бүрийн 6 дугаар сарын 1-ний өдөр.
Хүүхэд хүчирхийллийн тухай хар мэдээнд дарагдсан өдрүүдийг инээд хөөртэй арга хэмжээ, бэлэг хандив болсон мэдээгээр түр ч атугай солилоо. Түр гэдэг нь хүүхдийн асуудал томоос том анхаарлын тэмдэгтэй хэвээрээ л байгаа.
.
Өнөөдөр манай улсад цэцэрлэгт хамрагдах ёстой 2-5 насны 230 мянган хүүхэд байна. Түүний 150 мянган хүүхэд нь цэцэрлэгт хамрагддаг. 80 мянган хүүхэд огт цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа. Цэцэрлэгт хамрагдаж хүүхдүүдэд зориулж улсын төсвөөс сар болгон 116 мянган төгрөг бөгөөд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 80 мянган хүүхэд сар болгон хүртэх ёстой 116 мянган төгрөгийг авч чадахгүй байна.
.
Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 80 мянган хүүхдэд зориулаад 200 гаруй шинэ цэцэрлэг барих хэрэгтэй. Үүн дээр үйл ажиллагаа явуулах боломжгүй, хаагдах ёстой гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарчихсан 200 орчим цэцэрлэгийн барилга байна.
.
Ядуурлын улмаас хүнд амьдралд нухлагдан хөдөлмөр эрхэлж байгаа, эрх нь хамгаалагдах ямар ч боломжгүй нөхцөлд, хүчирхийлэл дор өдөр хоногийг нухчуулан өнгөрөж байгаа ... ? хүүхэд байна. (тоог нь хэлэх боломж алга байна)
Аав ээж нь амьдрахын эрхээр гадаадад явж өвөө эмээ, ах эгчийн гар дамжин хагас өнчин мэт өсч байгаа... ? хүүхдүүд байна. (энд албан ёсоор судалгаа хийгдээгүй)
Аав ээжийнх нь цалин багаас зөндөө л олон хүүхдүүд чинь ҮСАХ буюу өнөөх гоё шинэ паркад чинь орж тоглож чадахгүй доголон нулимстай буцаж байна төрийн өндөрлөгүүд ээ. Тэдэнд нийгмийн баян, ядуу байхын ялгаа ядаж энэ баярын өдөр нь үйлчлэхгүй байж болохгүй юм уу?
.
Маш олон тооны хөдөөнөөс орж ирсэн гэх үрс сургууль цэцэрлэг завсардан нийслэлийнхээ төв Сүхбаатарын талбайг ч үзээгүй гэрэл цахилгаангүй уулын орой дээр утаан хөшигний цаанаас хот гэдгийг олж харж, амьдралын ”гоё”-ийг ойлгох гэж өөрсдийнхөөрөө хичээж байна. Харин Их хурлын гишүүдийн хүүхдүүд баяраараа төрийн ордонд орж үзэж байгаа гэсэн.
.
Аргагүй баяр нь юм болохоор эрх нь зөрчигдсөн хүүхдүүдийн тухай арай ч ихэдсэн хар мэдээ тоо баримтыг тойрлоо. Хүүхдийн баяр-энэ өдөр бүх машин гэрлээ асааж хөдөлгөөнд оролцоно.
Хонгор үрсийн нүдэнд насан туршийн инээмсэглэл, итгэл хайр өгөхийн тулд Засгийн газар энэ өдрөөс “Их гэрэл”-ээ асаах хэрэгтэй байна.
.
П.Баярхүү /тоймч/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ