
Ярилцлагын хаан Ларри Кинг “Си-Эн-Эн”-д сүүлчийн ярилцлагаа өөрөө өгч дуусгаж үзэгчдээ гонсойлгож байсан ч ердөө хэдхэн хоногийн өмнө телевизийн салбарт эргэн ирснээ зарлалаа. Бүр Оросын төрийн телевизэд. Ларри би төрийн байгууллага, телевиз ямар байдаг бол гэж ярьж байна. Түүний бас нэг хүсэл биеллээ. Russia TV-д ажиллаж эхэлсэн Ларригийн хуучраагүй ярилцлагыг сонирхуулъя.
.
Ларри Кинг бол түүний сэтгүүл зүйн салбарт авсан нэр нь. Түүний жинхэнэ нэр нь Лоуренс Харви Зайгер. 1933 оны 11 дүгээр сарын 19-нд Нью-Йоркийн Бруклинд төрсөн. Түүний эцэг нь есөн настай байхад нь нас барсан. Дунд сургуулиа төгсмөгц ээж, ахдаа туслахаар “хар ажил” хийжээ. Тэрбээр багаасаа радиод ажиллахыг мөрөөддөг байв. Лоуренс 1957 онд Майамид шилжин ирж “WAHR” радиогийн спортын ток шоуны хөтлөгчөөр ажиллаж мөрөөдлийнхөө анхны алхмыг тавьсан юм. Шоуны ерөнхий менежер түүнд “Зайгер хэтэрхий герман, хэтэрхий еврей нэр. Шоу бизнест тохирохгүй” гэж зөвлөснөөр Ларри Кинг болсон юм.
.
Ларри 1960 он гэхэд Майамигийн телевизид өөрийнхөө шоутай хэдийнэ амжилт олж эхэлсэн байв. Гэвч ямар ч хүний амжилтын зам дардан байдаггүй. 1970-аад он Ларригийн амьдрал хар зурвас байлаа. Алдаа, бэрхшээл ухаантай хүнийг улам хурцалдаг. Чухам энэ үед л тэрбээр цалингаараа хүрэлцээтэй амьдрал зохиохоор шийджээ. 1978 онд Ларри “МВС” телевизэд орж, 1985 онд “CNN” анхны интернационал шоу буюу үзэгчидтэй шууд холбогддог нэвтрүүлэг санаачилж Ларриг хөтлөгчөөр нь сонгосон нь “Larry King Live” нэртэй байв. Үүнээс хойш амралтын өдрөөс бусад цагт өдөр бүр 25 жилийн турш түүний “амьд” нэвтрүүлэг үргэлжилсэн юм. Нью-Йоркийн цагаар 21.00-д Ларригийн шоу эхэлдэг. Тэрбээр 40 гаруй мянган хүнтэй ярилцсан билээ.
.
Ларри дэлгэцээр гарахдаа татуургатай цамц, томоос том нүдний шилнээсээ салдаггүй байсан нь өнөөдөр түүний имиж болжээ. Тэрбээр олон арван шагналын эзэн. Холливудад алдрын одтой. Хүмүүнлэгийн ажил эрхэлдэг. Долоон удаа гэрлэсэн, таван хүүхэд, гурван ачтай.
.
Ларри Кинг Есүс Христ, Авраам Линкольн, Ромын пап нартай ярилцаагүй дээ харамсдаг. Тэрбээр 50 жилийн хугацаанд 40 мянган гаруй хүнээс ярилцлага авсан юм. Ларри хүмүүсээс хэзээ ч залхаж байсангүй. Хэн ч байсан ялгаварлан гадуурхдаггүй, зүрх сэтгэлийг нь нээж чаддаг нь түүний амжилтын нууцынх нь нэг юм. Түүний анхны ярилцлагын эзэн түргэн хоолны газрын үйлчлэгч байв. Залуухан радиогийн сурвалжлагч хоолны газарт үйлчлүүлдэг хүмүүсийн тухай сонирхон асууж байжээ. Тэрбээр асуултыг бус хариултыг илүүд үздэг. Хэрвээ таны асуулт хоёр өгүүлбэрээс хэтэрвэл харилцагчийн тань тухай бус таны тухай болж хувирна гэж хэлдэг. Хамтран зүтгэгчид нь Ларригийн хамгийн дуртай асуултыг “Та надтай гэрлэх үү” хэмээн наргиадаг.
.
Ларри телевизийн бусад од Питер Женнигс, Дана Разер, Тед Коппела нараас улстөр рүү хэт хошуу дүрдэггүйгээрээ ялгардаг. Тэрбээр харилцан ярилцагчаасаа хоромхон ч хараагаа салгадаггүй бөгөөд шалихгүй ганц үгэнд ч ач холбогдол өгдөг. Зочных нь санаа бодол бус ажил, амьдралынх нь туршлага, тэмүүлэл. Үгийг нь бус хөдөлгөөнийг нь Ларри сонирхдог. Тэрбээр үзэгчдэд хэн нэгний өөрийн нь “би”-г бус бүхэл бүтэн хүнийг харуулахыг, нээхийг хичээдэг.
.
Тэрбээр “Би азтай хүн. Хувь тавилангийн эрх хүүхэд. Амжилттай ажиллаж байгаа ямар ч хүн аз таарсан гэж үнэнээ хэлдэггүй” хэмээн ярьж байна. Ларри нэг бус удаа өөрийнхөө шоунд оролцож байсан.
.
-Азтай амжилттай хүмүүс шийдмэг байдаг гэдэг?
-Тийм шүү. Та нар Тед Тернерийг хар л даа. /Хэвлэлийн магнат. “Тайм Уорнер” корпорацийн эздийн нэг. Тус компанид “CNN” харьяалагддаг/. Түүнд шийдвэр гаргах онцгой чадвар илүү хөгжсөн байдаг. Тэр хурдан шийдвэр гаргадаг. Хэн нэгэн уулзалтаас уулзалт хийж аливаа асуудлыг уядаг бол Тернер тийм биш.
.
-Бас амжилттай хүмүүс авьяасаа хуваарилж чаддаг шиг санагддаг?
-Тийм ээ. Инээдмийн төрлийн сонгодог жүжигчин Жеки Глисон хүний авьяас чадвар, хүч, бололцоо өөртөө хэр итгэлтэй байхаас хамаардаг гэж хэлдэг байв.
.
-Азтай хүмүүс зөв совинтой байдаг гэдэг?
-Бараг бүгдээрээ ийм мэдрэмжтэй байдаг. Тухайлбал, Билл Клинтон. АНУ-ын Ерөнхийлөгч төрийн тэргүүн болохоо мэдэрдэг байсан. Түүнд тохиолдсон олон арван бэрхшээлийг үл харгалзан тэр хүссэндээ хүрсэн. Тэр үнэхээр ард түмэндээ үнэлэгдсэн ерөнхийлөгч байсан шүү дээ.
.
-Азтай хүмүүс бас ажил хийдэггүй?
-Би хувьдаа нэг ч өдөр ажиллаж үзээгүй. Зүгээр л нэг газраас нөгөө газар руу нүүж байлаа. Азтай хүмүүс хийж байгаа зүйлээ чин сэтгэлээсээ зүрхнийхээ угаас хийдгийг мэднэ. Юу гэмээр юм бэ дээ. Энэ бол тэдэнд бурхны хишиг л гэсэн үг.
.
Кингийн амжилт сэтгүүл зүйн зарчмыг нягт баримталдагтай холбоотой. Мэргэжлийн өндөр түвшин, зочноосоо шалгалт авч байгаа шиг хүнд байдалд оруулдаггүй. Мэдээж ямар ч хүнтэй ойлголцож, ярилцдаг. Үйл явдлын гүнд нь орж цаад санааг нь ухаж чаддаг. Хамгийн гол нь тэр өөрийнхөөрөө байж чаддаг. Ямар нэгэн зүйлд эргэлзэж эсвэл мэдэхгүй байвал үүнийгээ хэнээс ч нуудаггүй.
Ларри Кинг “СNN”-ийг гэр бүлээсээ илүү тавьж ирсэн. Тэрбээр “Хэрвээ би нэгэн зэрэг хоёр дуудлага авбал. Эхлээд “CNN”-ийг эн тэргүүнд нь тавьдаг байлаа.Харин одоо эхнэртэйгээ ярихыг илүүд үзнэ” гэжээ.
.
Ларри хэдхэн жилийн өмнө дахин гэрлэсэн. Түүний хамгийн сүүлд гэрлэсэн Шон бүсгүй мөрөөдөж ч байгаагүй гэр бүлийн аз жаргалыг нь мэдрүүлсэн гэнэ. Тэд хоёр хүүтэй. Түүний албан бус ес, албан ёсны долоон удаагийн гэрлэлт ярилцлагад нь хэр их нэмэртэйг хэн ч мэдэхгүй. Гэвч түүнд поп дуучин, нэрт тамирчин, тэргүүн хатагтай гээд хэн ч хэзээ ч татгалзаж байсангүй. Хамгийн сүүлийн бодит жишээ нь Хиллари Клинтонтой хийсэн ярилцлага юм. Ларри Хилларигийн имиж, гадаад төрхийн талаар шүүмж бичсэн хүмүүсийн үгийг иш татан асуултаа тавьж байв. Энэ нь Ардчилсан намынханд огтхон ч таалагдаагүй бөгөөд тэргүүн хатагтай, сенатч, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульлд нэр дэвшиж байсан хүнээс инээмсэглэл, үс засалт, хувцаслалтаас арай өөр нухацтай асуулт тавьж болох л байсан гэсэн юм. Харин Ларри ард түмэн, нийгэм сонирхдог нөгөөх л “хэрэгтэй хэрэггүй” асуултаа тавьсаар, рейтингээ өсгөсөөр л байсан юм.
.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ