Багачууд баярлаж байна

Хэдхэн хоногийн өмнө л цас орж, жиндүү өдрүүд үргэлжилж байсан ч зургадугаар сарын 01-ний энэ өдөр байгаль дэлхий өнгөө засч, алтан наран илч дулаанаа харамгүй хайрлаж багачуудын маань сэтгэлд нар гийж байна. Эмээ, өвөө нар, эцэг, эхчүүд ажил төрлөөсөө түр холдож, бяцхан үрсээ баярлуулж байна. Багачууд гоё ганган хувцсаа өмсч, ууттай бэлгээ барин инээд хөөртэй алхана. Хэдийгээр хүүхэд багачууддаа баярлуулах орчин нөхцөл хомс байгаа гэдэг ч хүн бүр л чадах чинээгээрээ тэднийгээ баярлуулж байна. Сүхбаатарын талбай дээр хүүхдийн баярын арга хэмжээ 11.00 цагт эхэлж, Ерөнхий сайд хийгээд, нийслэлийн удирдлагууд багачууддаа баярын мэндчилгээ дэвшүүлэв.
.
Энэ үеэр Монголын Сурагчдын холбоо, Хүүхдийн төлөө Үндэсний газраас зохион байгуулж буй 2000 хүүхэд оролцсон баярын парад, 1400 хүүхдийн флаш моб, “Байгалиар гоёдог миний гэр бүл” хүүхдийн зохиомжит хөтөлбөр, урлагийн тоглолт, хүүхдийн дууны уралдаан зэрэг олон төрлийн арга хэмжээ боллоо.
.
Мөн талбай дээр бүргэд, одой морь тэргүүтэй мини зоо парк ажиллаж, үндэсний үйлдвэрүүд бүтээгдэхүүнийхээ дээжээр багачуудаа дайлж байна. Бяцхан завь, унадаг дугуй, машинтай багачууд тоглож, төрийнхөө далбайг хацар дээрээ зуруулж харагдана. Энэ үед хүүхдийн дуунууд эгшиглэж, хүүхэд бүр л даган дуулна. Бүр Солонгосын дуучин PSY-гийн “Gangnam style” дуу явахад хөлд ороогүй бяцхан хүүхдүүд ч ээжийнхээ өвөр дээр дэрвэж байгаа нь өхөөрдмөөр. Сүхбаатарын талбайд баярын нэгдсэн арга хэмжээ болж байгаатай холбоотойгоор автозамын түгжрэл, хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс талбайн хоёр талын урсгалыг 07.00-17.00 цагийн хооронд хаагаад байгаа юм. Мөн Мэдээлэл харилцаа холбоо, технологийн газар буюу Төв шуудангийн арын замын хөдөлгөөнийг хязгаарлажээ. Түүнчлэн цагдаа болон онцгой байдлын газрын ажилтнууд багачууддаа амар тайван баярлуулахын тулд ажиллаж байна.
.
Анх 1925 онд Женевт хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт болж, уг чуулга уулзалтаас 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан ажээ. Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улс 1952 оноос эхлэн 6 дугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн түүхтэй билээ.

























СЭТГЭГДЭЛ БИЧИХ