
Өчигдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож, монголчууд ч энэ өдрийг улс орон даяар өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.
Сая гаруй хүн амтай нийслэлчүүд Хүүхдийн баяраа Сүхбаатарын талбайд нэгдсэн журмаар тэмдэглэдэг уламжлалтай. Хүүхдийн байгууллагуудын нэгдсэн арга хэмжээ, урлагийн тоглолт, дурсалын зураг татуулахад зориулсан самбар, худалдаа үйлчилгээ гээд уламжлалт арга хэмжээ болдогоороо л болов. Мөн мини зоопаркын амьтад хүүхэд багачуудын анхаарлыг татсан сонин, чамин үзүүлбэрийн нэг байж чадсан.
Хүүхдийн баяр, Улсын наадам зэрэг томоохон арга хэмжээний үеэр Сүхбаатарын талбай бүхэлдээ хогонд живж орхидог. Баярын арга хэмжээ эхэлж өглөө, өдөртөө Сүхбаатарын талбайд хөл гишгэх зайгүй олон хүнтэй байсан ч хоггүй цэвэрхэн сайхан баяр болох нь гэж баярлаж байв. Харин үдээс хойш нийслэлчүүд маань Сүхбаатарын талбай тойрсон МУБИС, Төрийн ордон, УДЭТ, Цэцэг төв гэсэн дөрвөн талаас дотогш хотын төв хэсгийг хогийн төв болгож орхисон. Худалдаа наймаа эрхлэгчдийн зарж борлуулж байгаа бараа бүтээгдэхүүн бэлэг сэлтийг бэл бэнчингийнхээ хэрээр худалдан авч, тэр даруйд гаднах уут, уяа, хайрцаг зэргийг газар хаян хээв нэг дээгүүр алхацгаах юм.
Жил бүр ийм л байсан. Энэ удаад ч ийм л байлаа. Хот хогтой байна гэж хүн бүхэн хэлж ярьдаг. Хотыг хэн хогтой болгодог вэ. Мэдээж хотын иргэд та бид. Буруутай хүнийг олж, хэн нэгнийг буруутгахаасаа илүүтэй хотын иргэд, ялангуяа томчууд та бид хотынхоо гудамж талбайд хог хаядаг муу зуршлаа мартаасай гэж хүсч байна. Томчуудын хэнэггүй хог хаях үйлдэл хүүхэд багачуудад шууд утгаараа үлгэр дууриал болж байгаа. Хүмүүс гэртээ хогоо хаа хамаагүй хаяад байдаггүй, цэвэрхэн тохитой амьдрахыг хүсдэг. Гэтэл нийслэл хот маань бидний гэр. Нөгөө талаас гадны иргэдийн хувьд Монгол Улсын маань нүүр царай бол Улаанбаатар хот, гудамж талбай, иргэдийн соёлч боловсон байдал.
Гэтэл Сүхбаатарын талбай, ойр орчмын гудамж талбай харахад хэн ч ингэж боддоггүй юм уу гэсэн харамсал, халаглал төрснөө нуух юун. Хүмүүс хогийг хаа сайгүй, ичиж зовохгүй газар шидэлж, ТҮК-ийн ажилчид дэргэд нь хогийг нь шүүрдэн зогсоно. Хүмүүс тэд хийх ажлаа хийж байна, ийм л байх ёстой. Юунд сүр бадруулдаг юм бэ гэж хэлэх л байх. Гэхдээ хог шүүрдэж байгаа ТҮК-ийн ажилтныг хүндэтгэх ёстой. Тэд бол их хотын эмч нар.
Томчууд өөрийнхөө хүүхдэд хот хогтой байх ёстой гэж харуулж, муу дадал сургаж байгаадаа ичиж, сэтгэл нь зовдоггүй байж болно. Гэхдээ эх орноо сайн сайхан болно гэдэгт итгэж, бага гэлтгүй сайн үйлсийг бүтээж яваа өсвөр насны хүүхэд залуусаас ичнэ гэдэгт итгэж байна. Тодруулбал, 20 цагийн үед Сүхбаатарын талбайд хөлхөх олны дундуур будаа тоншиж байгаа шувуу шиг 50 орчим хүүхэд гартаа бээлийн углаж, том хар торонд хог түүж байв. Хүмүүс тэднийг гайхан харж байсан ч тэд хэнээс ч ичихгүй, хүмүүсийн хаяж орхисон хог хаягдлыг торондоо хийж явсан. Тэд бол фейсбүүкээр нэгдсэн “Сайн үйлсийг дэлгэрүүлэгч залуус”, мөн тэдэнтэй үзэл бодлоороо нэгдэж хүрч ирсэн дунд сургуулийн сурагчид Сүхбаатарын талбай орчмыг цэвэрлэж байгаа нь энэ аж.
Тэд түүсэн хогоо хогийн сайвны дэргэд бөөгнүүлэн тавьж, ТҮК-ийн ажилтнуудад туслана. БЗД-ийн ТҮК-ийн ажилтны хэлснээр "Сүхбаатарын талбай орчмын хог гурван машин гаран болох нь. Хүүхдүүд их тус болж байна. Бид цэвэрлэх үүрэгтэй байж болно. Гэхдээ баяр гэхээр л хотынхоо төв талбайг ингэж хогонд живүүлж болохгүй. Харахад биднээс л илүү мэдлэг боловсролтой, ухамсартай хүмүүс харагдах юм” гэж байв.
Үеийн нөхөд нь цагийг зугаатай өнгөрүүлэхэд анхаарч байхад харин тэдгээр хүүхдүүд бусдын хаясан хогийг түүж байгааг хараад хайрлах, өхөөрдөх сэтгэл төрснөө нуух юун. Эх орны ирээдүй болсон хүүхэд залуус хийж, бүтээж, засч залруулахын төлөө хөдөлмөрлөж байна. Харин нийслэлийн иргэд минь эдгээр хүүхдүүдээс жишээ авна гэдэгт итгэж байна.
Удахгүй Улсын баяр наадам болно. Наадмын талбай, ногоон дэмжээ, Хүй долоон худагтаа хог битгий хаяарай гэж чин сэтгэлээсээ хүсч байна. “Алтыг нь авааад авдрыг нь хаядаг” хэнэггүй зан гаргалгүй хог хаягдлаа хэсэгхэн зуурт барьж яваад, аль эсвэл автомашиндаа түр байлгаж байгаад зориулалтын хогийн сав, хогийн цэгт хаях юм бол хот хогондоо дарагдахгүй. Гадныхан ч биднийг хогон дунд баярлаад явах юм гэж гайхахгүй. Басхүү их хотын эмч нар болсон ТҮК-ийнхэнд тусалж байгаа хүүхдүүд ээв аав, анд нөхөдтэйгээ сэтгэл тайван баярлах биз ээ.

















П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ