Дүгнэлтээ дүүргэх 21 хоног 33/11-12
Хүүхдийн баяр, амралтын өдрүүдэд нэр дэвшигчид зүгээр суусангүй, уулзалт ярилцлагаа үргэлжлүүлж оноо бонусаа нэмж, түүнийг нь давтагдашгүй өөрөөр харуулж олноо хүргэх үүрэгтэй сэтгүүлч, редакторын багууд үгийн олон, утгын хурцаар давхар өрсөлдсөөр л байна.
.
Манай улс 300 гаруй ТББ-тай гэж сонсож байсан санагдана. Энд дунд юм хийдэг хүн мэддэг нь ч бий, нэг хүний, нэг удаагийн төсөл, тодорхой нэг зорилгоор байгуулагдсан нь ч бий. Ямартай ч зарим нэг нь үйл явдлын гадна уйтгарлаж суухыг хүсээгүй бололтой. Монголын ахмад багш нарын холбоо, Хил хамгаалах байгууллагын ахмадын холбоо, Эмэгтэйчүүдийн “Амин хүч” төв, “Гайхамшигт энэрэл” сан, Хүнс, барааны худалдаа эрхлэгчид, түрээслэгчдийн холбоо, Автобус таксины жолоочдын холбоо, Монголын мэтгэлцээний нэгдсэн ассоциаци, Монголын “Харли” сонирхогчдын холбоо, Хүүхэд залуучуудын оролцоог дэмжих хөгжлийн түүчээ сан, Баян-Өлгий аймгийн оюутан залуучуудын “Эв нэгдэл, ирээдүй” холбоо зэрэг 17 төрийн бус байгууллага энэ сонгуульд Б.Бат-Эрдэнэ аваргыг дэмжихээ илэрхийлж МАН-аас гаргасан эв санааны тунхаг бичиг гэдэгт нэгдсэн гэнэ.
.
Б.Бат-Эрдэнэ аварга хүүхдийн паркаар хээгүйхэн явж эх хүүхдүүдтэй мэнд мэдэж тасралтгүй ярьсаар л байгааг телевизийн захиалгат нэвтрүүлгээр гаргалаа. Мөн хувиараа бизнес эрхлэгч нарын гэрээр зочилж аяга цай уунгаа ЖДҮ бизнесийг дэмжих бодлогынхоо талаар аминчлан ярьж байгааг ч мөн харууллаа. За цаана чинь Яармагийнхан гэж нэлээн яаруу улс байгаа бололтой байна. Сонгуулийн 26-ний өдрийг хүлээж тэвчилгүй сонголтоо хийчихсэн байна гэнэ.
.
Үүнийг дараах мэдээнээс тунгаан тольдож болохоор байна. ...Б.Бат-Эрдэнэ нэр дэвшигчийг очиход нь “Ерөнхийлөгчтэйгөө гар барья”, “Шинэ Ерөнхийлөгч ирлээ” гэх зэргээр элэгсэг хүлээж авав. Аварга ч өөрөө их энгийн хүн юм. Хаана ч очсон машинаасаа буугаад алхчихна. ТҮЦ-ийн худалдагч, дугуй засварын ажилчин, нутгийн “хүнд гар”-ууд гээд хэнийг ч ялгалгүй гар барьж, санал бодлоо хуваалцах нь Яармагийнханд дотно сэтгэгдэл төрүүллээ гэсэн байна.
.
Аваргыг ийн яармагийн иргэдийг “ян тан ” болгож байхад АН-ын нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн баг хотын зүүн жигүүрт Баянзүрх дүүргийнхнийг "бат" болгохоор ажилласан байна. ...Энэ дүүрэг нийт 300 мянган хүн амтай. Өөрөөр хэлбэл, Дундговь аймгийн нийт иргэдээс зургаа дахин их гэсэн үг. Монголын арван хүний нэг нь энэ дүүрэгт амьдарч байна. Иймээс энэ дүүргийн тулгамдсан асуудлыг шийдэх нь нэн тэргүүний ажил юм гэж Батлан хамгаалахын их сургуулийн 600 гаруй суудалтай заалыг хөл гишгэх зайгүй дүүргэсэн сонгогчдын нижигнүүлсэн алга ташилтын дор Ц.Элбэгдорж нэр дэвшигч үгээ эхлүүлжээ.
.
Тэрбээр цааш нь "...Өнөөдөр бид хүмүүсийн амьдралд ойр зүйлийг ярья. Цэцэрлэгт явж чадахгүй байгаа балчир хүүхдүүдийнхээ тухай ярилцъя. Монголд өнөөдөр 2-5 насны 240 мянган хүүхэд байна. Эдгээр хүүхдийн 130 мянга нь цэцэрлэгийн хүрэлцээ байхгүй улмаас гэртээ цоожлуулан үлдэхээс аргагүйд хүрч байна. Харин Баянзүрх дүүрэгт 11 мянган хүүхэд цэцэрлэгт явж чадахгүй байна. Энэ бүх асуудлыг шинээр цэцэрлэг барьж байгуулах, хүүхэд харах үйлчилгээг хуульчлах арга замаар шийдвэрлэх боломжтой” гэж хүүхдийн баярын гол мэссэжээ шидсэн бол эцэст нь "...Энэ сайхан ард түмнийхээ төлөө хөтөлж гарсан ачаагаа бүтнээр нь хүргэнэ ээ. Зургадугаар сарын 26-нд та бүхэн саналаа өгнө. Дараа нь би та бүхний төлөө зүтгэх болно оо. Миний нэг онцлог бол надад төрийн тэргүүний ажилд шинээр суралцаад байх зүйлгүй. Би зургадугаар сарын 27-нд шууд ажилдаа орно” гэсэн байна. Хэрвээ Ц.Элбэгдорж ерөнхийлөгч ялбал 06.27-нд зад авч ялалтын ориглуун дарс буудуулах ч юм уу нэг уулзаж гар барьж ганц нэг юм гуйж шивнэх тухай бодож яваа нөхдүүд бол саналтгүй байх нь байна шүү. Ерөнхийлөгч шууд л ажилдаа орох нь.
.
Н.Удвал нэр дэвшигч урагштай сайн яваа л байлгүй, сурталчилгаа нь төлөвлөгөөний дагуу явагдаж байж таарна. Түүний сурталчилгааны тухай мэдээ коммент нэг л бага байх юм даа. Сонгууль энэ сарын 6-р сарын 26-д болно шүү дээ, бүгд л мэдэж байгаа тээ, Шийлэгдамба даргаа.
.
Өвөг дээдэс эрхий хуруугаараа тамгалж баталгажуулсан тусгаар тогнол эв нэгдлийг хангаж дотоод хагарал эвдэрлийг үл өдөөх, гадаад талдаа эрхэмсэг бардам оршоож ядах Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч хэн бэ?
.
Нэр дэвшигч нарын талаарх бодлоо цэгцэлж, дүгнэлтээ дүүргэх 21 хоног байна, сонгогчид оо.
.
П.Баярхүү /тоймч/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ