
ШӨХТГ-аас өнөөдөр хэвлэлийн хурал хийсэн. Энэ үед ШӨХТГ-ын дарга О.Магнай өнгөрсөн сарын 22-нд ажлаасаа чөлөөгдсөн 9-н хүний халагдсан учир шалгааныг тайлбарласан билээ. Тэгвэл дөнгөж сая тэдгээр ажлаас халагдсан есөн хүний нэг болох улсын байцаагч Б.Мөнхсолонго манай редакцид хандаж, үнэн бодит мэдээллийг хүргэхийг хүссэн юм. Ингээд түүнээс дараах асуудлуудыг тодрууллаа.
-Таныг албан тушаалаа хэтрүүлэн ашигласан гэх үндэслэлээр халагдсан гэж сонссон. Яг ямар асуудлаас болж халагдсан юм бэ?
- Намайг Улсын байцаагч болсоны дараахан Оллоо.mn-тэй холбоотой асуудал, гомдол манайд ирсэн. Энэ гомдлыг шалгаж байх үед Хэлтсийн дарга М.Ганзориг Оллоо.мн-г “Магнай дарга хаа гэсэн” гэж хэлсэн.
Ингээд даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу ХХЗХ-нд Оллоо.мн-н тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай албан бичиг төлөвлөж, “Оллоо ХК”-ийн захирал Г.Батсүхтэй утсаар холбогдсон. Гэтэл “Чамтай яриад байх асуудал байхгүй. Би танай О.Магнай даргатай эмнэлэг дээр уулзсан. Үүний дараа О.Магнай даргаас асуудлыг тодруулахаар ортол “хаагаад хэрэггүй, торгочих” гэж хэлсэн. Эцэст нь даргын өгсөн үүрэг даалгаврыг дагуу явсаар ийм байдалд хүрлээ.
-Торгууль тавьсны дараа “Оллоо ХК”-аас таныг ёс зүйгүй харьцсан гэсэн гомдол О.Магнайд ирсэн юм биш үү?
-Тийм. Намайг “Оллоо ХК”-ны захирал Г.Батсүхтэй уулзаж байх үед манай хэлтсийнхэн бүгд миний дэргэд байсан. Учир нь манай өрөөнд таван байцаагч, хэлтсийн даргынхаа хамтаар суудаг. Тэд бүгд намайг ёс зүйн алдаа гаргаагүй гэдгийг гэрчилж байгаа. Гэвч намайг хөдөө томилолтоор явж байх хугацаанд дээрх үндэслэлээр ажлаас халсан байсан. Надад хэлтсийн дарга М.Ганзориг Оллоо ХК-д явуулсан бичгийн хуулбар байгаа.
-Та Улсын байцаагч болоод хэр удаж байгаа вэ?
- Албан ёсоор хоёр сарын өмнө Улсын байцаагч болсон. О.Магнай даргыг томилогдон ирэхээс өмнө даргын туслахаар ажиллаж байсан.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ