
Хөдөлмөрийн яамны Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх газраас өнөөдөр “Сум хөгжүүлэх сан”-ийн зээлийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд ЖДҮХГ-ын дарга Б.Бат-Амгалан болон албаны хүмүүс оролцож өнгөрсөн хугацаанд тус сангийн зээл олголт, эргэн төлөлт, зээл олголтын явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
Хөдөлмөрийн яам “Сум хөгжүүлэх сан”-гийн зээлийг 2011 оны Засгийн газрын 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-ын дагуу олгодог.
Суманд үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийг дэмжих, тэдэнд бага хүүтэй банкны шаардлагаас гадуур зээл олгох, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор Хөдөлмөрийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/69, 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/38 тоот тушаалаар 2012, 2013 оны “Сум хөгжүүлэх сан”-ийн эх үүсвэрийг тус тус хуваарилж, төрийн сангийн дансаар дамжуулан сумдад хүргэсэн байна.
2013 онд 2011 оны зээлийн эргэн төлөлтөөс 2,1 тэрбум, 2012 оны санхүүжилтээс 20,8 тэрбум төгрөг, 2013 оны санхүүжилт 24,0 тэрбум төгрөг нийт 46,8 тэрбум төгрөгийн санхүүжилт төвлөрсөнөөс 4599 төслийг сонгон шалгаруулж, 22.8 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна. Үүний үр дүнд 6075 ажлын байр шинээр бий болж, 4387 ажлын байр хадгалагдсан байна. Сум хөгжүүлэх сангийн 2013 оны зээл олголт 48,7 хувь байгаа нь хоёрдугаар улирал гэхэд зээл олголт дуусахаар байгаа гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ