Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэн өнөөдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр түүнтэй цөөн хором ярилцлаа.
.
-Таныг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргын албан тушаалд очиход Ерөнхий сайд Н.Алтанхуягыг туслалцаа багагүй байсан гэж ярьдаг. Хамтран ажиллаад удаж байна уу?
- Ерөнхий сайд Н.Алтанхуяг бид нар долоон жилийн өмнөөс хамтарч ажилласаар ирсэн. Би шударга байдлыг л эрхэмлэдэг. Надад анх санал тавьсны дагуу би энэхүү Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажилласан. Үүний өмнө ч гэсэн АН-ынхантай ажил хэргийн холбоотой байдаг байсан.
.
-Таныг сүүлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр 17 тэрбум төгрөг идсэн, уусан гэх мэтээр бичих болсон. Энэ хэр үнэний ортой мэдээлэл вэ?
- Энэ бол 100 хувь гүтгэлэг гэдгийг хэлмээр байна. Би ямар тэр их мөнгийг нь аваад идчихсэн биш. Би аль болох зөрчлийг арилгахын төлөө зүтгэж байна. Энэ гүтгэлэг доромжлол хэрээс хэтэрлээ. Энэ үүднээс би өөрийн хүсэлтээрээ зохих байгууллагад нь өөрийгөө шалгуулах гэж өргөдлөө өгсөн. Надад ямар ч лиценз байхгүй. Өв хөрөнгө гээд байхаар зүйл ч байхгүй. Байгаа нь гэвэл багш нараас өвлүүлсэн мэдлэг, шударга юм хийе гэсэн сэтгэл л байна. Би ямар ч хууль журам зөрчөөгүй.
.
Магадгүй би “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн учраас энэ яриа гарсан байх. Намайг анх энэхүү компанийг авахад өрөнд орсон, санхүүгийн байдал нь их хүнд байсан. Санхүүгийн зөрчил ихтэй. Тус компани нь дөрвөн захиралтай бөгөөд хоёр нь гадаад. Энэ хоёр гадаад захирлын нэг нь тус “Эрдэс тавантолгой” ХХК-ийн хөрөнгөөр АНУ-ын Харвардын их сургуульд сурдаг. Түүгээр ч зогсохгүй ашиг сонирхлын зөрчилтэй нэгэн. Хяналт шалгалтын ажлыг хэрэгжүүлэхэд тус компанийн үйл ажиллагаа эхнээсээ ашиг сонирхлын зөрчилтэй нь тодорхой болсон. Намайг ингэж хяналт шалгалт явуулж зөрчлийг нь ил гаргахад хэсэг хүмүүс дургүй байгаа бололтой. Гэхдээ би шударга зүйлийг нэгдүгээрт тавьдаг.
.
-Тэгэхээр Н.Номтойбаяр гишүүний дэлгэсэн материал ор үндэсгүй гэсэн үг үү?
-Тийм. “Эрдэс Тавантолгой”-д ашиг сонирхлын зөрчилтэй зөндөө хүмүүс бий. Энэ бол гүтгэлэг, ор үндэсгүй зүйл. Мөн намайг эхнэрийнхээ нэр, овгийг сольсон, эхнэр нь “Говь пауэр” гэдэг компанитай гэж бичээд байгаа. Энэ мэдээлэл ч худлаа гэдгийг хэлмээр байна. Тийм компани огт байхгүй.
.
-Таны хууль зөрчсөн гэсэн баримтыг МАН-аас олон нийтэд дэлгэсэн. Та үнэхээр хууль зөрчөөгүй юм бол гүтгээд байгаа хүмүүсээ ил гаргаж, хуулийн байгууллагад хандах ёстой биз дээ?
-Шүүхэд өгнө гэхээр УИХ-ын гишүүний бүрэн эрх нь хамгаалаад байна. Тиймээс би өөрийгөө шалгуулахаар зохих байгууллагад нь өргөдлөө өгсөн.
.
-Баярлалаа.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ