Хуурамч төлбөрийн карт ашигласан гадаадын иргэдийн хэргийг шийдвэрлэлээ
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Тэ Ю Лин нарын 5 хүнд холбогдох хэргийг өнгөрсөн долоо хоногт хянан хэлэлцлээ.
Малайз улсын иргэн Тэ Ю Лин, Вон Жиан Лу, Су Го Ши, Чуа Син Ви, Чиа Гуан Сун, Сингапур улсын иргэн Хор Чи Чай нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Монгол Улсад өөрсдийнх нь нэр бүхий олон улсад ашиглагддаг “Master”, “Visa” төлбөрийн картуудыг хуурамчаар үйлдэн оруулж ирж, түүнийгээ ашиглан 2012 оны 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд нийт 133 сая 64 678 төгрөгийн барааг хуурч мэхлэх аргаар худалдан авсан гэмт хэргийг үйлджээ.
Энэ гэмт хэрэгт Тэ Ю Лин нь худалдаа үйлчилгээний төвүүдийг зааж өгөх, дагуулж явах, замчлах, авсан бараа бүтээгдэхүүнийг нь хадгалах, хураан авах зэргээр оролцжээ. Харин үлдсэн гэмт этгээдүүд нь 49 ширхэг хуурамч картаар “Худалдаа хөгжлийн банк”, “Голомт”, “Хаан” банкаар дамжуулан гүйлгээ хийж, “Централ тауэр” худалдааны төвд байрлах “Hugo boss”, “Burberry” дэлгүүрүүд болон “Скайтел” ХХК, “Скай”, “Наран”, “Номин” компанийн зарим салбар дэлгүүрээс гар утас, цүнх, хувцас зэргийг худалдан авч, Худалдаа хөгжлийн банкинд 43 сая 668490, “Голомт” банкинд 83 сая 198 228, “Хаан” банкинд 6 сая 197 960 төгрөгийн хохирол тус тус учруулсан байна.
Чингэлтэй дүүргийн шүүх дээрх хэргийг 2013 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар Тэ Ю Линд 10 жил 2 сар, Вон Жиан Лу, Су Го Ши, Чуа Син Ви, Чиа Гуан Сун, Сингапур улсын иргэн Хор Чи Чай нарт 10 жил 1 сарын хорих ял шийтгэж, чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Нийслэлийн шүүх уг хэргийг 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдөр давж заалдах шатны журмаар хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ