Шинэ багц хуулиуд хэрэгжсэнээр шүүхийн үйл ажиллагаа үндсээрээ шинэчлэгдэнэ

img

  Нийслэлийн шүүхийн Тамгын хэлтсийн дарга Д.Энхбаатартай уулзаж ярилцлаа.  -Шүүхийн тухай багц хууль дөрөвдүгээр сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн. Шинэ багц хуулийн хэрэгжилт, сурталчилгааны ажил ямар байгаа талаар яриагаа эхлэх үү? -Тэгье. Шүүхийн тухай багц хуулийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар бүх шатанд нэлээд эрчимтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Нийслэл дүүргийн шүүхүүд багц хуулийг сурталчлах, хэрэгжүүлэх   чиглэлээр  эрчимтэй  ажиллаж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс чиглэл болгосон тулгуур 17 сэдвээр гарын авлага, нугалбар бэлтгэж шүүхийн мэдээлэл лавлагааны төвөөрөө дамжуулан олон нийтэд хүргэж байгаа. Түүнээс гадна Нийслэлийн шүүх өөрсдийн нөөц бололцоог ашиглан “Нээлттэй шүүх”-ийн буланг байгуулж, эрүү, иргэний шүүх хуралдаануудыг шууд дамжуулан үзүүлэх, хууль сурталчлах, иргэдийн эрхзүйн боловсролыг дээшлүүлэхэд зориулан тодорхой сэдвүүдээр бэлтгэсэн сургалтын материалыг ашиглан  байнгын сурталчилгаа явуулж байна. Мөн өдөр тутмын сонин, телевиз, сайтуудад шүүгч, ажилтнууд ярилцлага өгч, шүүхийн захиргааны мэргэшсэн албан хаагчдын  сургалтад  хамрагдсан  ажилтнуудад   багц хуулийн талаар  хичээл  заалгалаа. Цаашид олон хэлбэрийн ажил зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. . -Нийслэлийн шүүхийн статус шинэ хуулиар хэрхэн яаж өөрчлөгдөж байна вэ? УИХ-аас Шүүх байгуулах тухай хуулийг 2013 оны нэгдүгээр сарын 24-нд батлан  гаргасан. Шүүхийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяаллаар  байгуулж байсан бол шинэ хуулиар дагнасан шүүхүүдийг тойргийн  зарчмаар байгуулсан. Нийслэлийн давж заалдах шатны шүүх, Төв аймгийн давж заалдах шатны шүүхүүд нэгдэж эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10  дугаар шүүх, иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх гэсэн хоёр дагнасан шүүх болж  зохион байгуулагдана. Нутаг дэвсгэрийн харьяалал нь Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж, Төв аймгийн дийлэнх сум, Хэнтийн аймгийн Цэнхэрмандал сум хамрагдаж байгаа. Үүнээс гадна дүүргийн шүүхүүд эрүү, иргэний дагнасан шүүх болон өөрчлөгдөн байгуулагдана. Дүүргийн иргэний болон эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг, хоёрдугаар шүүхэд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэг, гуравдугаар шүүхэд Багануур дүүрэг болон Төв аймгийн Мөнгөнморьт, Баяндэлгэр, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум, дөрөвдүгээр шүүхэд Налайх, Багахангай дүүрэг болон Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сум харьяалагдана. . -Хэзээ дагнасан шүүхүүд байгуулагдах вэ? -ШЕЗ шийдвэрээ гаргасны дараа зохион байгуулалтын ажил хийгдэнэ. Дагнасан шүүхүүдийн байршил, захиргааны орон тоо, бүтцийг талаар саналаа  боловсруулж ШЕЗ-д  уламжилсан, бэлтгэл ажлууд хийгдэж байна. Нийслэлийн шүүхийн Тамгын хэлтэс нь төвийн зургаан дүүрэг, Багануур, Налайх дүүргийн шүүхийн төсөв хөрөнгө, хүний нөөц зэрэг захиргааны удирдлагын бүх үйл ажиллагааг төвлөрүүлэн удирдаж байна. Шүүхийн захиргааны тухай хуулиар дээр дурьдсан дагнасан шүүх бүр бие даасан Тамгын газартай болсноор төвлөрөл саарч,  шүүхийн захиргаанаас хуулиар хүлээсэн үүргээ шуурхай, бие даан хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. . Шинэ шүүхүүд бий болоход ажиллах боловсон хүчин хангалттай юу? Бид Нийслэлийн төрийн албаны зөвлөлд захиалга өгч тавдугаар сард шүүгчийн туслахын ажлын байр, орон тоон дээр төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгаруулалт  явуулж , тэнцсэн 100 гаруй  иргэнийг нөөцийн бүртгэлд авсан болно. . Н.Бадамжав

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
prokororiin gazruudiig l shudraga ajildag bolgomoor bgaam daaa
2013-06-04