Би хардах эрхтэй буюу ипотекийн зээл
Би байдаг л нэг хардамтгай хүн. Аливаа шинэ зүйлийн сайнаасаа мууг нь түрүүлж харахыг хичээнэ. Улс орны хэмжээний зүйлд гэр орныхоо өнөө маргаашийн хоол унд, хувцас хунараас илүү ач холбогдол өгч оройжин телевизийн суваг сольж мэдээллийн хөтөлбөр алгасалгүй үзнэ. Нэг үйл явдлын тухай хэдэн янзаар үзүүлж харуулахаар бүүр бах ханана. Мянганы замыг мянгуужингийн зам гэж зад эсэргүүцэж, гэр хорооллыг барилгажуулах төслийг Үүл баатрын хэнээрхэл, Ерөнхийлөгчийн шүүхийн шинэтгэл, авилгын тэмцлийг хүзүүгүй хүний богино ухаан гээд л миний шүүмжлэх сэдэв мундахгүй. Тэглээ гээд гудамжинд гараад жагсахгүй, ойр тойрны анд найз, ажлын хамт олондоо ч ганц үг ганхийхгүй. Миний тэмцэл бол тайван бөгөөд гэм хоргүй. Хөлсний байрны мухар өрөөндөө телевизийнхээ дууг намуухан тавиад тархи оюун дотроо орилж гарна даа. Жадлан эсэргүүцэж байсан зүйл амьдрал дээр биелэлээ олоод ирэхээр эрсдэлтэй талыг нь л би олж харсан гэж өөрийгөө өмгөөлөхчөөн болно.
.
Өнгөрсөн пүрэв гарагт сурсан зангаараа буйдан дээрээ хэвтээд телевиз эргүүлдэж суутал, Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ипотек буюу иргэдийг орон сууцжуулахад зориулсан хөнгөлөлттэй хүүтэй, урт хугацааны зээлийн ерөнхий журмыг баталлаа гэж мэдээлж байх юм. За даа энэ ч нөгөө Үүл баатрын гэр хорооллыг орон сууцжуулах гээд иргэд нь тэнгэрт тулсан үнэ хэлээд газраасаа хөндийрөхгүй гэдийчихдэг. Бай ч үгүй банзанд ч үгүй хогоороо бодлогуудын нэг байх дөө гэсэн шүү юм бодоод анхаарсангүй. Уг нь өөрийн гэсэн орон сууц, орох орон миний энэ насны мөрөөдөл л дөө. Хотын дөрвөн зүг найман зовхист жилдээ дөрөв тав нүүчихдэг маний үеийн хувиа бодож довоо шарлуулдаг дундаж давхаргынхны нийтлэг дүр төрх нь чухамдаа л би шүү дээ.
.
Тэгсэн их аятайхан зүйл чих дэлсч байна шүү. Жилийн нэмэх хасах найман хувийн хүүтэй дуулдав. Инфляци найман хувиас дээш байвал орон сууцны зээлийн хүү 9 хувь, түүнээс доош байвал долоо бүүр зургаа, тав байх гэнэ. Дажгүй шүү. За даа дээгүүрээ хуваагаад цохичихно доо гэсэн шүү хар буухын сацуу урьдчилгаа 10-30 хувийн төлбөрөө төлөөд 80 хүртэлх метр квадрат орон сууцтай болж болох гэнэ. Гэр бүлийнхээ мөнгөн орлогыг тооцлоо. Яагаад ч тэр урьдчилгааг нь төлөх аргагүй санагдав. Уг нь мөрөөдөл биелэх гээд л байдаг. Тэгсэн аав ээжийнхээ байрыг барьцаалж болно гэнэ бас болоогүй ээ 0,7 га газраа барьцаалж болно гэнэ. Нялх нойтон хүүхэдтэй болохоор гэр бариад сууж чадаагүй болохоос надад ч 0,7 нь бий л дээ. Ингээд л хонгилын үзүүрт гэрэл харагдаад л явчихлаа. Тэгсэн гэрэл харагдахтай зэрэг нөгөө барилгын компаниуд нь үнэ өсгөөд хяргаад хаячихна даа гэсэн хардлага гол зурдаг байна шүү.
.
Засаг нарийн тооцож байгаа бололтой хэд хэдэн сэтгэл амирлуулсан мэдээ залгуулан дуулгалаа. Засаг дэд бүтцийнх нь асуудлыг шийдэх аж. Цэвэр бохирын ус, халаалт гээд л.. Орон сууцны үнэ өсөхөд хамгийн их нөлөөлдөг хүчин зүйлсийн нэг шүү дээ. Үүнийг төр шийдчихвэл орон сууцны нэг ам метр талбайн үнэ 1,3 сая төгрөгт байх бүрэн боломжтой. Харин бүрэн цутгамал юм уу, өндөр зэрэглэлийн орон сууцны үнэ 1,9 сая төгрөг байлгаж чадна гэж барилгын компанийнхан амлаж байгаа харагдна. Энэ ч тун аятайхан зүйл болох нь дээ гэж телевизтэйгээ ярьсан шигээ цааш нь лавшруулан чагнавал Монголбанк өнгөрөгч сарын эхээр дотоодын барилгын материал үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор жилийн 5,5 хувийн хүүтэй 37,75 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг нээсэн гэнэ. Түүнчлэн шинээр барилга барих гэж буй, мөн барилгын гүйцэтгэлийг хурдласгах үүднээс 380 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан компаниудад олгожээ.
.
Ипотекээ зориулалтынх нь дагуу ашигла, байнгын орлоготой нийгмийн дундаж давхаргынхан орон сууцны зээлээ төлөөд үлдсэн мөнгөөрөө амьдарч болохуйц нөхцлийг Монголбанк бүрдүүлсэн гэж олны танил эдийн засагч ярьж байна.
.
Хардлагын манан сийрсээр нар гарах шиг. Ойрын хэдэн жилд дотроо л бугшиж бухимдаж, улстөрчдийн худал амлалтад хууртсаар хүнд итгэхээ больсон надад хөлснийхөө байрыг доргитол хашгирмаар санагдав. Шинэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар нарийвчилсан дүрэм журам нь гарах гэнэ. Өчүүхэн хардлагын сүүдэр замхран арилах шиг. Арай хулхин дээр цэцэг ургуулж байгаа юм биш биз. Буух эзэнтэй буцах хаягтай МЭДЭЭЛЭЛ шүү дээ.
Н.Бадамжав
СЭТГЭГДЭЛ БИЧИХ