Б.Мөнгөнцэцэг: Буман шавь маань бурхан шүтээн минь билээ

img

Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэж монголчууд ярьдаг. Тиймээс эрдэм ном сурахаар сургуулийн хаалгаар алхан орсон бяцхан сурагчдын хувьд бага ангийн багшийн хичээл зүтгэл чухал үүрэгтэй билээ. Бяцхан шавь нартаа гэгээн эрдмийн хөтөч болж яваа олон сайхан багш нар бий. Тэдний төлөөлөл болгон Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Бүрэн дунд сургуулийн 1б ангийн багш Батсүрэнгийн Мөнгөнцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр Монголын хүүхдийн төлөө төвийн сайн үйлс алтан медаль, Боловсрол соёлын газрын “Багшийн алдар” цол тэмдэг, Боловсролын 90 жилийн ойн медаль, 2012 оны сумын тэргүүний шилдэг багш, БСШУЯ-ны жуух бичгийн эзэн гээд түүний гавьяа үргэлжлэх ажээ. Шавиа гэсэн сэтгэлээр хөдөө талд эрдэм, соёлын үрийг тарьж яваа Б.Мөнгөнцэцэг багштай онлайнаар ярилцсанаа хүргэж байна.   -Нарт ертөнцөд байхгүй нандин сайхан мэргэжил гагцхүү багш хүн л заяадаг гэдэг. Та багш гэдэг эрхэм алдраар овоглоод хэдэн жил болж байна? -Анх 1985 онд багш хэмээх сайхан мэргэжил эзэмшиж, ажил амьдралынхаа алтан гарааг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын найман жилийн дунд сургуулиас эхэлж байлаа. Хүүхэд шуугисан их өргөө гэгээн энергиэр дүүрэн байдаг. Түмний үрсийн буянаар өдий дайтай сайхан ажиллаж амьдарч явна. Бага ангийн багш хамгийн хариуцлагатай мэргэжил.  Ардын уран зохиолч  Ш.Сүрэнжав “...Ангайлж барьсан хайч шиг А-үсгийг сарайлгахад Ацаг шүдийг нь зөвтгөж Арга эвд нь оруулсан Ус мөрнийг далайд үдээд Байрандаа үлддэг уул Тус бүтээж даяныг тэтгээд... “ гэдэг шүлгийг бидэнд зориулсан. Үнэхээр сайхан шүлэг. Би 20 гаруй жил багшлахдаа олон зуун шавьдаа “А”үсэг бичих арга эвийг заасан. Бяцхан шавь нартайгаа байхдаа энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүн болсон мэт санагддаг. Олон шавийнхаа хайр хүндэтгэлийг хүлээж яваа болохоор өөрийгөө хамгийн баян хүн гэж боддог.   -Таныг удахгүй гавьяаныхаа амралтанд гарах гэж байгаа гэж сонссон. Сэтгэгдэл ямар байна ? -“Дассан газрын даавуу зөөлөн” гэгчээр хэдэн шавьдаа сэтгэл хоргодоод байна. Зургаахан настай бяцхан шавь нар маань бүр хөөрхөн. Би тэтгэвэрт гарах талаараа хүнтэй утсаар ярьж байсан юм. Тэгсэн манай ангийн Ж.Анужин гэдэг охин гэртээ очоод багш маань тэтгэвэртээ гаргах нь. Би яах юм бэ гээд уйлсан гэсэн. Ээж нь манай охин таныг тэтгэвэртээ гарах гэж байна гээд уйлаад байх юм үнэн үү? гэж асууж байсан. Хүүхэд гэдэг тийм гярхай. Хүүхдийн гэгээн энергитэй их өргөөгөө орхиод явна гэхээр үнэхээр сэтгэл тавгүй, хэцүү санагдаж байна.   -Яриаг тань сонсоод үнэхээр сэтгэл хөдөлчихлөө. Дунд сургуулийн сурагч байхдаа “Тэхийн зогсоол”-ыг  уншаад зөндөө уйлж байсан маань санагдлаа. Янгир хүртэл дассан газартаа хоргодож байхад багш хүн арга ч үгүй биз дээ. ...Янгир өтлөхөөрөө эврээ даахаа больдог юм гэнэ лээ Ямаан сүрэгтээ эргээд нэг ирдэг юм гэнэ лээ гээд л мөн ч сайхан найраглал шүү? -Үнэхээр сайхан сэтгэлд хүрсэн найраглал.  Хүн, амьтан ер нь зүрх сэтгэлтэй бүхэн дассан газартаа хоргоддог нь хорвоогийн жам шүү дээ. Ээдрээт амьдралын түмэн нугацаанд ач буянаа хайрласан энхрий бяцхан шавиа харахад өвчин зовлон бүхнийг мартаж чадна. Тийм агуу чадал шавь нарт минь бий.  Буман шавь маань бурхан шүтээн минь билээ.     -Зулын гэрэл тосноосоо, шавийн эрдэм багшаасаа гэдэг. “Үсэглэлийн баяр”-аар танай ангийнхан шүлэг уншдаг, бүжиглэдэг,  дуулдаг, түргэн уншдаг, боддог, алдаагүй цэвэр сайхан бичдэг гэж магтуулсан гэсэн? -Тийм ээ. Миний шавь нар дунд олон авьяастай хүүхэд бий. Тэр бүхнийг яривал чамгүй хугацаа орно. Одоо дааж авсан ангийнхан маань миний отгон шавь. Саяхан болсон үсэглэлийн баяраар нэгдүгээр ангиудын сургуулийн шилдэг сурагч Х.Сувд-Эрдэнэ, цэвэр бичгийн аварга А.Саруул, тооны аварга Э.Болор-Эрдэнэ,уншихын аварга И.Пүрэвдулам, уран уншигч Н.Цэвэлсүрэн,П.Жаргалсайхан, бүжгийн аварга  А.Гэрэлтсарнай зэрэг авьяаслаг бяцхан шавь нараараа бахархан сууна даа.     -Та шавь нартаа юу гэж захидаг вэ? -Өндөр боловсролтой,хүнлэг энэрэнгүй, зөв хүмүүжилтэй зорилгодоо хүрэхийн төлөө тэмцэлтэй байгаарай гэж захидаг.   -Нэгдүгээр ангийн багш нар өдөр бүр сурагчдынхаа дэвтэрт бичих зурлага, үг үсэг, тооны даалгавар зэргийг нь хичээнгүйлэн бичиж өгдөг дөө? -Тийм ээ. Энэ мэргэжил үнэхээр хариуцлагатай. Гараа сайн бол бариа сайн гэдэг. Бүх насны боловсрол цаашилбал амьдрах арга ухааных нь үндэс суурийг тавьж өгдөг. Энгийнээр хэлбэл, сайн иргэн болгон төлөвшүүлэх хариуцлагатай үүргийг бага боловсролын багш тавьж өгдөг. Дөнгөж бичиг үсэг сурч байгаа хүүхдэд зөв суух, дэвтрээ зөв тавьж үзгээ зөв барьж сурах нь хамгийн чухал. Үсгийн өндөр, нам, налуу, үсэг хоорондын зай, зэргийг сайтар ойлгуулж бичүүлдэг. Нэгдүгээр ангийн багшийн гүйцэтгэх ёстой нэн чухал ажил бол сурагч бүрийг уншуулж сургах. Нэг авиа, нөгөө авиатайгаа  яаж холбогдож үе, үг болж байгааг сурагч бүрт ойлгуулдаг. Бид нар хичээлийн завсарлагаанаар  ч гэсэн сурагчидтайгаа хамт л байж байдаг. Тэд өөртөө тохиолдсон бүхий л зүйлийг багшдаа хуучилж чөлөөтэй ярилцдаг. Шагай ч тоглоно. Хүүхэд л юм хойно тоглох дуртай байдаг.   -Санаанаас гардаггүй олон сайхан дурсамжаасаа хуучлаач? -Би сургуулиа төгссөнийхөө дараахан дотуур байрны багш хийж байлаа. Тав дахь өдөр манай байрны хоёр хүүхэд надаас чөлөө авах гээд намайг хайсан гэсэн. Тэр өдөр их цастай байлаа. Тэгээд намайг хайгаад олохгүй болохоор нь миний гутлын мөрөөр хөөсөн байгаа юм. Би олон багш нартай хамт зогсож байлаа. Тэр хүүхэд башийн мөрийг  хөөсөн чинь багш энд байсан гэж хэлж билээ. Чи миний миний гутлын мөрийг яаж мэдэв гэсэн чинь тэр хүү жаахан бөөрөнхий хэлтэй.тул “башийн гутал барзгар юм чинь” гэж билээ. Хамт байсан багш нар бөөн инээдэм болсон. Одоо тэр хүү гурван хүүхдийн аав болсон. Мөн тэр үед “Орон нутаг”-гийн хичээл дээр нэг хөгжилтэй үйл явдал болсон. Ясан төрөл, цусан төрөл гэж үзсэн. Тэгээд би хүүхдүүдээ цусан төрөл гэж юу, ясан төрөл гэж юу вэ? дэвтэртээ бичээрэй гэсэн чинь манай ангийн нэг хүү “Ясан төрөл гэдэг нь том ястай хүнийг хэлнэ. Харин цусан төрөл гэдэг судсаар цус гүйж байгаа хүнийг цусан төрөл гэнэ” гэж хэлээд ангиар нэг инээдэм болж билээ.     -Та хичээл заадаг туршлагаасаа яриач?             -Дөнгөж нэгдүгээр ангид орж байгаа атлаа айхтар хэрсүү, ухаалаг буурьтай хүүхэд байна. Мөн огцом ширүүн ааштай сангвеник, хлорик хүүхэд орж ирнэ. Их бүрэг ноомой, бас цовоо сэргэлэн ч бий. Ёстой янз янзын авиртай хүүхэд нэг ангид цугладаг. Тэрхүү өнгө өнгийн зан төлвийг би солонгын долоон өнгөтэй зүйрлэдэг. Хамгийн олзуурхууштай нь  тэдний сэтгэл яг л цагаан цаас шиг юм даа. Зарим хүүхэд нэгдүгээр ангид орж ирэхдээ бүх үсгээ мэддэг. Зарим нь огт мэддэггүй. Мэдлэгийн энэхүү ялгаа нь цаашид суралцахад ихээхэн нөлөөлдөг. Ер нь сурагчдаа нарийн судласнаар Цагаан толгойн үсгийг эхний 2-3 долоо хоногт ямар хүүхэд яаж сурах төлөвтэй байгаа нь анзаарагддаг. Энэ үед сурагчдаасаа асууна, тэдэнтэй ярилцана, бичүүлнэ, бодуулна. Тайлбартай дасгалын аргыг өргөн хэрэглэдэг. Хүүхдийг уншуулж сургахын тулд ихэвчлэн ганцаарчлан ажилладаг.   -Танай ангийн охид нь ногоон туузаар үсээ чимдэг гэл үү. Үнэхээр хөөрхөн харагддаг байх даа? -Миний шавь нар бусдаас содон. Тэд багшийгаа аав, ээж шигээ санаж хайрлаж байгаа нь үргэлж мэдрэгддэг. Өхөөрдөм бяцхан шавь нараасаа алдагдсан энергиэ нөхдөг. Хүүхдийн оч гийсэн харц , багш биднийг урамшуулж үргэлж сэтгэлээр баян, аз жаргалтай байлгадаг. Гэзгэндээ зүүсэн өнгөлөг тууз шигээ эрдэм номын гэгээн зам нь дардан байхыг билгэдэж тууз зүүлгэдэг юм.       -Сүүлийн хормыг танд үлдээе? -Хөдөөний эгэл багшийн дуу хоолойг түмэнд хүргэж байгаа танай сайтын хамт олонд талархал илэрхийлье. Номын цагаан буян ашид дэлгэрч байг. Хүүхэд бүхний харцанд аз жаргал гийх болтугай.     П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

oyunsuren:
ajiiin amjilt hvsey
2013-06-20
amaraa:
багш даа хайртай шүү
2013-06-19
Bataa:
sain saihniig husie
2013-06-19
урт насал:
урт насалж удаан жаргаарай
2013-06-12
Баяраа:
сайхан даруу багшдаа эрүүл энхийг хүсье
2013-06-11
gerlee:
tand az jargal ervvl enhiig hvsen erooe.
2013-06-10
Шавь:
1-р ангийн багш маш хариуцлагатай. Ийм хариуцлагатай албаа нэр төртэй биелүүлж яваа танд сайн сайхныг хүсье
2013-06-10
Батаа:
эгэл даруухан багш танд аз жаргал хүсье
2013-06-10