Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам шинэчлэгдсэнтэй холбогдуулан Хууль зүйн яам, Замыг цагдаагийн газартай хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ. Шинэчилсэн журамд тусгай дуут болон гэрэл дохиог өмнө нь ЗЦГ-аас олгож байсан бол одоо ЦЕГ-аас олгохоор болжээ.
Энэ талаар Хууль зүйн яамны Дотоод бодлогийн хэрэгжилтийн газрын дарга Б.Оюунболд ярихдаа “Тусгай дуут болон гэрэл дохиог шуурхай ажлын тээврийн хэрэгслийн журамд заасны дагуу өнгө будаг, таних тэмдэгтэйгээр ашиглана. Ингэснээс ямар байгууллагын тээврийн хэрэгсэл гэдгийг шууд таних бололцоотой юм. Мөн хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэдэг төрийн тээврийн хэрэгсэлд шинэ журам оруулсан. Уг журамд зааснаар Дотоодын цэрэг хөх-улаан, Төрийн тусгай хамгаалалт хөх, Онцгой байдлын шуурхай алба болон Шүүх шинжилгээний хүрээлэнгийн тээврийн хэрэгсэлд улаан, Байгаль хамгаалах, хот тохижилт, техникийн хяналт болон зам арчлалт үйлчилгээний тээврийн хэрэгсэлд ногоон тусгай дуут болон гэрэл дохиог тус тус олгохоор болсон. Мөн Төрийн сайд, дарга нар давуу эрхтэйгээр тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэхгүй байхаар болсон. Уг журам ирэх сарын 5-наас эхлэн хэрэгжиж эхэлнэ” гэв.
Түүнчлэн, зөрчлийн улмаас хураагдсан дуут болон гэрлэн дохиог улсын орлого болгожээ.
Б.Одон