124 тусгай дугаарын дуудлагыг 102 дугаарт хүлээж авдаг боллоо

img

Зам тээврийн ослын дуудлагыг өмнө нь Замын цагдаагийн газрын Шуурхай удирдлага мэдээллийн төвийн 124 дугаарын утсаар авдаг байсан. Тэгвэл өнгөрсөн сарын сүүлчээс эхлэн шуурхай дуудлагыг 102 дугаарт хүлээж авдаг болсон тухай Хууль зүйн яам Замыг цагдаагийн газартай хамтран зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр мэдээллэсэн юм. Энэ талаар ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн мэдээлэл, олон нийт хариуцсан ахлах байцаагч хурандаа М.Төмөрбаатараас тодрууллаа.

.

-Зам тээврийн осол хэргийн мэдээлэл 102 дугаарт хүлээж авахаар болсон. Ямар учраас ийм шийдвэр гарсан бэ?

-124 дугаарт дуудлага өгөхөд гаднаас төлбөртэйгөөр холбогддог учраас иргэдэд хүндрэл чирэгдэлгүй байх үүднээс ЦЕГ -ын Шуурхай удирдлага мэдээллийн төвийн 102 дугаарын утсаар хүлээж авахаар болж байгаа юм. Бид иргэдээс дуудлага мэдээллийг түргэн шуурхай мэдээллийг хүлээж авахын тулд шугамаа нэмсэн. 102 дуудлагыг өмнө нь дөрвөн шугамаар хүлээж авдаг байсан бол одоо долоон шугамаар хүлээж авдаг болж нэмэгдсэн.

.

-Дөрвөн шугамтай байхад өдөрт хичнээн дуудлага хүлээж авдаг байв. Одоо хэд болж нэмэгдэх бол?

-102 дугаар дээр өдөрт 3000 гаруй дуудлага ирдэг. Ирсэн дуудлага бүрийг хүлээж аваад зохих газарт нь уламжилдаг. Урд нь хүлээж авдаг байсан дуудлаганд зам тээврийн осол, хэргийн мэдээлэл нэмэгдэж ирнэ. Мэдээллийг шуурхай удирдлага мэдээллийн төвөөс ЗЦГ-т дуудлага мэдээллийг дамжуулж, хяналт тавьж ажиллах юм.

.

-Өөр төрлийн дуудлага ирдэг үү?

-Янз бүрийн л дуудлага ирнэ. Манай хороололд нохой олшроод шөнө орой явуулахгүй байна, байрны гадна талбайд хүүхдүүд шөнө болтол тоглоод амгалан тайван байдал алдагдуулж байна гэх мэтчилэн маш олон дуудлага иргэдээс ирдэг. Эдгээр дуудлагуудыг бидэнд хамаагүй гээд орхичихдоггүй. Зохих газруудад нь уламжилдаг, залгаж мэдээлэл өгсөн хүнд хаашаа холбогдож шийдвэрлүүлж болохыг хэлж өгдөг гэх мэтчилэн шийдвэрлэдэг. Бид бол үйлчилгээний байгууллага шүү дээ.

.

-102 дугаарт залгаад холбогдож чадахгүй иргэд их бухимддаг. Дахин дахин залгаж цаг удах тохиолдол багагүй гардаг?

-Иргэд дуудлагад залгасан бол утсаа бариад түр хүлээх хэрэгтэй. Шугам ачаалалтай байх үед автомат хариулагч хариулт өгдөг. Хэрвээ автомат хариулагч залгасан дугаарт хариулт өгч байвал утсаа салгалгүй түр хүлээх хэрэгтэй. Хүмүүсийн хүлээлгийг нэг минутаас хэтрүүлдэггүй. Хүлээхгүйгээр салгаад дахин залгавал тэр дуудлага хойшлогдоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 20 дуудлага зэрэг орж ирлээ гэхэд шугамынхаа тоогоор долоон дуудлага хүлээж авна. Хэрвээ та найм дугаарт залгалаа гэхэд долоон дуудлагын нэг нь са- лангуут таны дуудга шууд орж ирнэ. Тэгээд үргэлжлүүлээд өс, арав дахь дуудлагаа аваад явна. Та найм дугаарт залгачихаад хүлээхгүйгээр утсаа салгаад эргүүлээд залгахад таны дуудлага автоматаар 21 дүгээрт орчихдог. Тэгэхээр таны дуудлага хойшлогдоно гэсэн үг. Тийм болохоор нэг залгасан бол салгахгүйгээр дуудлагаа хүлээвэл илүү хурдан холбогдох болно. Үүнийг хүмүүс ойлгохгүй удаан байна, холбогдоход хэцүү гэж яриад байдаг.

.

-Дуудлагын ачаалал нэмэгдүүлж байгаа өөр шалтгаанууд бий юү?

-Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн дугаарууд үнэ төлбөргүй байдаг учраас зарим хүмүүс хаа хамаагүй залгадаг. Зарим нь бүр шинэ утас худалдаж авчихаад утсаа шалгах гэж залгадаг. Нэг дуудлага өгчихөөд дахин дахин залгана. Эдгээр шалтгаанууд ачаалыг улам нэмэгдүүлээд байна. Хэрэв энэ мэтчилэн шаардлагагүй дуудлагууд багасчихвал ачаалал бага ч гэсэн хасагдах байх л даа. Зарим тохиолдолд нэг газар гал гарлаа гэхэд энд тэндээс маш олон хүмүүс дуудлага өгдөг.

.

-Заримдаа дуудлага өгөхөд маш удаж байж ирдэг. Энэ юутай холбоотой вэ?

-Бид дуудлагыг хүлээж аваад зохих газарт нь яаралтай мэдэгддэг. Тухайн дуудлага авсан газар хурдан очиж байна уу, удаж байна уу гэдгийг мэдэх боломжгүй. Дуудлагыг нуун дарагдуулах, удаж мэдээлэх шаардлага байхгүй. Бүх зүйл хяналттай, дуудлага бүр бичигддэг. Хэрвээ ажилтан дуудлагыг удаасан, харицлага алдвал хариуцлага тооцно.

.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkkk:
sain bnaa tumuruu hurandaa minee
2013-06-04
БАТАА:
ИРГЭДИЙН АМГАЛАН ТАЙВАН БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙ БҮХ ДУУДЛАГА ХАМААТАЙ. ЭНЭ НӨХӨР ЗӨВХӨН ХҮН АМИНЫ ХЭРГИЙН ДУУДЛАГА ИРЭХ ЁСТОЙГЭЖ БОДДОГ БОЛОЛТОЙ
2013-06-04
иргэн:
Өнгөрсөн 2012 онд 3 удаа 102 дугаарт холбогдох гэж оролдоод гурвууланд нь чадаагүй. Монголын цагдаа ажлаа хийдэг эсэхэд эргэлзсэн шүү.
2013-06-04
Mogi:
102 dugaart duudlagiig sms-eer huleen avdag bolvol mash zugeer baina.Shono untaj baihad gert hulgaich orj irsen tohioldold utsaar duudlaga ogoh geed yarival tuhain etgeed zugatah yum uu? ali esvel ami nasand hurehiig uguisgehgui.Mon huchingiin bolon ger buliin huchirhiilel geed olon torliin hereg deer sms duudlaga gadaad orond mash ih ach holbogdoltoi baidag yum.Mongold sms duudlaga nevtruuleh heregtei gej bodoj baina.
2013-06-04