ХЗХ-ны хохирогчид суулт хийнэ
Хадгаламж, зээлийн хоршооны хохирогчдын төлөөлөл өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийж, хохирлоо төрөөс зуун хувь барагдуулах хүртлээ тэмцлээ үргэлжлүүлнэ гэж мэдээллээ. Мөн тэд хохирлынхоо шалтгааныг хуулийн цоорхой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Улмаар “Төр хууль бус үйлдлийнхээ хариуцлагыг хүлээж, хадгаламж зээлийн хоршоодын дампуурлаас болж хохирсон 8000 гаруй хүний хохирлыг сонгуулиас өмнө яаралтай барагдууллахыг шаардаж байна” гэжээ.
Хохирогчид ярьж буйгаар "2006 онд ажиллаж байсан 840 Хадгаламж зээлийн хоршооноос 15-аас бусдынх нь үйл ажиллагааг зогсоон, эд хөрөнгийг нь битүүмжлэн хурааж авсны улмаас 8300 хүн, тэдний ар гэр, төрөл төрөгсдийг нийлүүлээд бум орчим хүн хохирсны хариуцлагыг төр хүлээх учиртай. Төрийн хууль хяналт, зохицуулах газрынхан бүгд хохирогчдыг авч хэлэлцэхгүй байгаагаар үл барам, бидэнтэй нүүр тулан уулзаж ярилцаж ч чадахгүй байна" гэв. Түүнчлэн ХЗХ-дын хохирогчид төрөөс хохирлыг нь барагдуулах хүртэл МАН-ын төв байр болох Тусгаар тогтнолын ордны гадна суулт зарлах болно гэдгээ мэдэгдэв.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ