
Сүхбаатарын талбай дээр яг одоо Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягтай холбоотой хэргийг яллахад хэлмэгдсэн лицензийн эздүүд жагсаал хийж байна. Өглөө 08.00 цагаас жагсаж эхэлсэн тэдгээр иргэдийн тайван жагсаал гурван өдөр үргэлжлэх гэнэ.
Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг нарыг хууль зөрчиж 106 лиценз олгосон хэрэгт буруутган анхан болон давж заалдах шатны шүүхээс ял оноогоод буй. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гаргасан шийдвэрийг зөрчин олгосон гэх 106 лицензийг цуцлах шийдвэр гаргасан билээ. Тэдгээр хүчингүй болгохоор заасан лицензийг эзэмшиж буй 15 компанийн төлөөлөл Түр зөвлөл байгуулаад байгаа. Тэд нэгэнт эрхийг нь авсан тусгай зөвшөөрлөө цуцлуулахгүйн тулд Түр зөвлөл байгуулж, ийнхүү жагсаж байгаа юм. Уг зөвлөлд “Алтраг-Ахас”, “Нутгийн гантиг”, “Лотус баялаг флурспар”, “Есөн эрдэнийн ордон”, “Эн Юу Ти Эм”, “Голден гроуз”, “Сайхандэлгэр констракшн”, “Эм Жи Ти Жи”, “Жин корона”, “Окслэй гоулд”, “Айбекс Лэнд Монголиа”, “Фирст Ресурс”, “Ньюмон Ривер”, “Мэжик бридж”, “Монгол дизель” зэрэг 15 компани нэгдээд байгаа юм.
Хэргийг эргэн сануулахад Нийслэлийн шүүхийн шүүх бүрэлдэхүүн Д.Батхуяг, Т.Даваацогт нарт тус бүр дөрвөн жил, н.Жаргалсайхан, н.Бат-Ирээдүй нарт 3.6 жилийн ял оноосон билээ. Мөн Д.Батхуяг нарын эрх мэдлээ урвуулан ашиглаж, “тараасан” 106 лицензийн зөвшөөрлийг цуцалж, төрийн мэдэлд шилжүүлэх тухай анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан юм.
Д.Цэцэг
Гэрэл зургийг П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ