
УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгээс хууль дээдлэх, хууль тогтоох, шударга ёсод нийцүүлэх үүднээс УИХ-ын зарим гишүүдтэй холбоотой байж магадгүй зарим асуудлуудыг ярьсан аж. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Л.Цог, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нар сэтгүүлчдэд мэдээлэхдээ “Манай бүлгийн хурал дээр яригдсан нэг асуудал бол Хууль зүйн сайд байсан Ц.Нямдоржийн гарын үсэг зурсан нэгэн гэрээний асуудал хууль зөрчсөн байх магадлалтай хэмээн хуулийн байгууллагад шилжүүлж, шалгуулах болсон” гэсэн юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ хэлэхдээ “МАН-ын гишүүн тухайн үед Хууль зүйн сайд байсан Ц.Нямдоржтой холбоотой материал манайд ирсэн. Уг материал нь хяналтын системийг суурилуулах зарим төсөлтэй холбоотой буюу Хууль зүйн сайд тухайн үед гэрээнд гарын үсэг зурж тодорхой үйл ажиллагаа явуулсан. Тодруулбал, 2009 оны гуравдугаар сард уг гэрээнд гарын үсэг зурж, 34 тэрбум төгрөгний ажил үйлчилгээ хийсэн. Ингэхдээ тендэрээр зарласан дүн, гүйцэтгэсэн дүн зөрөөтэй байна. Энэ төслийн зөвхөн 13 нэр төрлийн техник хэрэгсэлийн үнийн дүнгийн зөрүү нь 654.876 ам.доллар буюу тухайн үеийн Монгол банкны ханшаар тооцоход 851сая 338 мянган төгрөгийн хохирол гарсан. Гэмт хэргийн шинжтэй байгаа гэсэн Аудитын дүгнэлт гарсан. Энэ асуудлыг бид хууль хяналтын байгууллагад шилжүүлж шалгуулна. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа хоригдлуудаар байшин бариулсан хэмээн тухайн үед яригдаж байсан ч тодорхой үр дүнд хүрээгүй. Тухайн үед хууль зүйн сайд байсан учраас нуун дарагдуулаад өнгөрсөн үү, мөн хоёр амбаар гэж яригддаг мэдээлэл бий. Гэтэл тэр амбаар нь бодит байдал дээр том хаус байсан. Тиймээс УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой холбоотой шинэ мэдээллийг үндэслэн хууль хяналтын байгууллагад шалгуулахаар болж байна. Бидэнд ирсэн баримтаас харахад гүйцэтгэгч байгууллага бодит үнийг 6-8 дахин өсгөсөн гэдгийг тогтоосон. Иргэдээс ирсэн мэдээлэл биш Аудитын байгууллагын дүгнэлт тул бид болохгүй бүтэхгүй бүхэнтэй эвлэрч суухгүй гэдгээ сануулж халуун дээр нь шалгуулахыг хүссэн.
Өмнө нь ч УИХ-ын нэр бүхий гишүүдтэй холбоотой асуудал хэд хэд яригдсан ч замхараад алга болсон. МАХН хар дэвтэртээ бүхнийг тэмдэглэж байгаа тул иймэрхүү хууль бус үйлдэлтэй тэмцэнэ. Энэ асуудлыг Хууль зүйн сайд ч анхааралдаа авна гэдэгт итгэж байна” хэмээн мэдэгдсэн юм.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ