Алга болсон хүүгийн ээж, эгч хоёр нэг нөхөртэй байж
Энэ сарын 3-нд Улаанчулуутын хогийн цэгээс есөн настай Б.Сармандах гэдэг хүү алга болжээ. Түүнийг ээжтэйгээ хог түүж байхад улсын дугаар тодорхойгүй цагаан өнгийн суудлын машинтай хоёр хүн “хурдан морь унах хүүхэд хайж байна” хэмээн авч явжээ. Удалгүй ээж нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар хүүг хайж эхэлсэн байна. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн бөгөөд хүү одоогоор олдоогүй байна. Ингээд бид Улаанчулуутын хогийн цэгийг зорьж очсон юм. Тэр хавийн хүүхдүүдийн хэлж байгаагаар “хоёр хоногийн өмнө цагаан өнгийн верна машинтай эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирээд хүүхдүүдийг дуудаад морь унах хүүхдүүд байна уу, хөдөө очиж мал маллуулж, мөнгө өгье гэж байсан” гэнэ. Гэвч хүүхдүүдийн ихэнх нь дургүйцжээ. Харин Б.Сармандах хүү уг машинд суугаад явсан байна.
Б.Сармандах хүүгийн ээжийг Н.Сарантуяа гэдэг аж. Долоон хүүхэдтэй тэр эмэгтэй өөрөө хүүхдээ тэдгээр хүмүүст өгч явуулсан хэмээн Улаанчулуутынхан ярьж байсан юм. Гэвч сэжиг бүхий санагдсан тул ийнхүү цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, хүүгээ хайж эхэлжээ. Алга болсон хүү Б.Сармандах нь Н.Сарантуяагийн гуравдахь хүү юм байна. Тэрээр Баянхошууны сургуульд сурдаг бөгөөд Улаанчулуутын хогийн цэгт тэр бүр очоод байдаггүй. Харин алга болсон гэх тэр өдөр л ээж дээрээ ирсэн байжээ.
Н.Сарантуяагийн нөхрийг Н.Батбаатар гэдэг бөгөөд Н.Сарантуяагийн дагавар охинтой сууж хоёр хүүхэдтэй болсон гэнэ. Өөрөөр хэлбэл ээж, охин хоёртой суусан нэгэн аж.
Одоо цагдаагийнхан хүү алга болсон хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ