Ё.Отгонбаярын эхнэрийг мөнгө угаасан хэргээр хорьжээ
Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд асан Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгыг УМБГ-аас өнөөдөр цагдан хорьжээ. Тодруулбал, түүнийг Зоос, Голомт, Худалдаа хөгжлийн банкин дахь дансаар 2009-2011 оны хооронд нийтдээ 323 сая ам.доллар, 13.9 тэрбум төгрөг байршсан болох нь илэрчээ. Тиймээс цагдаагийнхан 452 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэх хэмжээний ам.доллар дансаар нь дамжсан, төгрөгөөр 13.9 тэрбум төгрөг байршсан асуудлыг мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ.
Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд асан Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонго нь энэ мөнгөний талаар юу ч мэдэхгүй гэж мэдүүлээд байгаа юм байна. Тиймээс дээрх мөнгийг хаанаас, ямар эх үүсвэрээс орсон болохыг нь тогтоохоор ажиллаж байгаа ажээ.
УМБГ, Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг их хэмжээний мөнгийг зохион байгуулалттайгаар бүлэглэн угаасан, татвар төлөхөөс зайлсхийсэн, хууль бусаар хөрөнгөжих гэмт хэргийн бүрэлдэхүүн үүссэн учраас О.Эрдэнэсолонго нарын холбогдох хүмүүсийг шалган, хөрөнгө битүүмжлэх, үзлэг хийх, олон улсын санхүүгийн байгууллагатай хамтран ажиллах зэрэг ажиллагаа хийгдэж эхэлжээ. Хэрэв энэ мөнгө УИХ-ын гишүүнтэй холбоотой нь тогтоогдвол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлаар Улсын ерөнхий прокурорт хүсэлт тавих юм байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ