
Зуны налгар энэ өдрүүдэд өвөлжилтийн бэлтгэлээ сайтар базаах учиртай. Тиймээс нөөцийн өвснийхөө 70 хувийг аймгууд өөрсдөө бэлтгэхийг аймгийн удирдлагуудтай хийсэн цахим хурлын Ерөнхий сайд Н.Алтанхуяг үүрэг болголоо.
Орон нутагт өрнөж буй бүтээн байгуулалт, ялангуяа энэ жил ашиглалтад орох төлөвлөгөөтэй зам барилгын ажилд аймгийн удирдлага онцгой анхаарч газар дээр нь танилцан, явцын талаар мэдээлж байх ёстой гэлээ.
Баяр наадам зохион байгуулах зардлыг зөв тооцож ажиллахыг Ерөнхий сайд хэлээд Үндэсний их баяр наадмыг 50 тэрбум төгрөгөөр зохион байгуулна гэсэн ташаа мэдээлэл тарсныг залрууллаа. Жилийн жилд 1 тэрбум орчим төгрөгөөр урсгал зардал гаргаж наадмаа зохион байгуулж ирсэн, энэ жил ч мөн энэ жишгээр хийнэ гэж Засгийн газрын тэргүүн хэлээд наадмын төсвийг ойрын үед Засгийн газрын хуралдаанаар батална.
Хүй долоон худаг Монгол наадмын төв болгох учир хөрөнгө оруулалтын ажлууд ч гол төлөв Хүй долоон худагт хийгдэнэ. Тухайлбал, 7000 автомашины зогсоол, Сүхбаатарын талбайгаас хоёр дахин том талбай байгуулна, 361-ийн гарамаас Хүй долоон худаг хүртэл найман км автозам шинээр тавих ажил эхэлсэн. Эдгээрт 10 гаруй тэрбум төгрөг зарцуулна. Энэ мэт бүтээн байгуулалтад зарцуулах 50 гаруй тэрбум төгрөгийг энэ жилийн наадмын төсөв мэтээр ойлгуулсан хүмүүстэй арга хэмжээ тооцох ёстой гэж Ерөнхий сайд хэллээ гэж
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ