Э.Бат-Үүл дарга аа, эрсдэлтэй барилгууд сүндэрлэсээр л байна
Өнгөрсөн жил зөвшөөрөлгүй барилгын улмаас олон хүн амь насаа алдсан. Тиймээс өнгөрсөн оны есдүгээр сард хотын мээр Э.Бат-Үүл зөвшөөрөлгүй барилгуудын үйл ажиллагааг таслан зогсоох, нураах ажлыг сүр дуулиантай эхлүүлж байсан. Гэтэл өнөөдөр зарим дүүргийн нутаг дэвсгэрт иргэдийн эрхийг зөрчсөн, байгалийн нар үзэх боломжийг хаасан, орон сууцны барилгуудтай шахаад барьчихсан зөвшөөрөлгүй барилга сүндэрлэсэн хэвээр л байна.
.
Тэдгээр барилгын нэг нь Хан-Уул дүүргийн 2-р хорооны нутагт 52-р дунд сургуулийн замын хойно баригдаж байна. Уг барилгыг “Герман стандарт” ХХК оршин суугчдийн эрхийг зөрчиж, нийтийн эзэмшлийн талбайг булаан авч, өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн барилгын ажлаа эхлүүлсэн байна. Энэ хууль бус үйлдлийн талаар манай сайтад тус хорооны оршин суугчид мэдээллэсэн юм. Уг мэдээллийн мөрөөр бид “Герман стандарт” ХХК-ний барьж буй “GS&52” барилгыг зорьсон юм. Тус барилгад очиход барилгын ажил эд өрнөж байв.
.
Харин 2-р хорооны 29, 32, 33-р байрны иргэд “бидний эрх зөрчигдөж байна, хүүхдээ ч гадаа салхилуулахаас айдаг болсон” хэмээн бухамдсаар угтсан юм. Тэдний хэлж байгаагаар “Герман стандарт” ХХК-ний барьж буй уг 12 давхар барилга ямар ч зөвшөөрөлгүй. Бид анхнаас нь тэмцсэн. Барилга барьж байгаа энэ газарт өмнө нь хүүхдээ салхилуулдаг, нийтийн эзэмшлийн зүлэг ногоотой талбай байлаа. Гэтэл одоо хүн явах ч замгүй, хайрга чулуунд дарагдсан газар болсон. Замын дэргэд, явган хүний замгүй, үзэгдэх орчин хязгаарлагдмал учраас гэнэтийн автомашины осол гарахыг хэн байг гэхэв. Хамгийн гол нь энэ барилгын замын урд талд сургууль байдаг. Бас 12 давхар учраас 29, 32, 33-р байрны оршин суугч бидний байгалийн нар үзэх боломжийг хааж байна. Хэрэв газар хөдлөлт боллоо гэхэд эдгээр байрнууд дээр нурж унахад бэлэн. Яагаад гэвэл орон сууцны барилгын стандарт байхгүй” гэв.
.
Үнэхээр ч тус барилга автозамаас 50 см хүрэхтэй үгүйтэй зайтай аж. Мөн тэнд зүлэгтэй цэцэрлэг байсан гэхийн аргаггүй болжээ. Энэ талаар “GS&52” барилгын ажлыг гүйцэтгэж байгаа компанитай холбоо барихад “Та нарт ямар хамаатай юм бэ. Бид зөвшөөрөлтэй. Тэгээд ч яг одоо та нарын асуултад хариулах хүн нь алга. Гадагшаа явсан” гэсэн хариу өглөө.
“GS&52” гэх уг зөвшөөрөлгүй барилгыг “Герман стандарт” ХХК-тай хамтран “Тулгуур импекс”, “Хүрээ констракшн”, “GS property” зэрэг компаниуд хамтран барьж байгаа аж. Өөрөөр хэлбэл, барилгын ажлыг “Тулгуур импекс”, “Хүрээ констаркшн” нар гүйцэтгэж байгаа бол “GS property”, “Герман стандарт” ХХК-ынхан борлуулалтын ажлыг хийж байгаа бололтой. Барилгын гаднах хашаан дээрх утсны дугаараар хэзээ ашиглалтад орох, ямар үнэтэй хэрэглэгчдэд хүрэх талаар лавлахад “Манай байр энэ оны 9 дүгээр сард ашиглалтад орно. Манайх найдвартай, чанартай, үнэ хямд” гээд л рекламдаж гарсан юм.
.
Зөвшөөрлийн бичгээ үзүүлдэггүй, иргэдийн эрх, аюулгүй байдлыг зөрчсөн уг барилгын талаар Нийслэлийн газрын албанаас тодрууллаа. Тэдний хэлж байгаагаар “Манайд наад барилгын чинь тухай гомдол удаа дараа ирж байсан. Би шалгаж байгаа. Өнөөдөр байцаагчаа тус барилга руу явуулж, шалгуулна” гэхээс өөр хариулт хэлсэнгүй.
Ямартаа ч, нийслэлд зөвшөөрөлгүй, иргэдийн эрхийг зөрчсөн орон сууц нэгээр нэмэгдэж байгаа бололтой. Уг асуудалд зөвшөөрөлгүй барилгатай тэмцдэг Э.Бат-Үүл дарга юу бодож байгаа юм бол доо.
.
Б.Одон









СЭТГЭГДЭЛ БИЧИХ