Х.Тэмүүжин: Ё.Отгонбаярын эхнэрийг УМБГ-т саатуулан шалгаж байгаа
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгыг УМБГ-т шалгаж байгаа талаар өчигдөр Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийснээр энэхүү асуудал олон нийтийн анхаарлын төвд ороод байгаа.
Тэгвэл түүний эхнэр О.Эрдэнэсолонгыг УМБГ-т шалгаж байгаа нь баттай үнэн ажээ. Энэ талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжингээс тодруулахад " УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгыг УМБГ-т саатуулан шалгаж байгаа. Хэрэг мөрдөн байцаалтын шатандаа яваа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.
Тодруулбал, О.Эрдэнэсолонгын Зоос, Голомт, Худалдаа хөгжлийн банкин дахь дансаар 2009-2011 оны хооронд нийтдээ 323 сая ам.доллар, 13.9 тэрбум төгрөг байршсан. Хуулийн байгууллагаас 452 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэх хэмжээний ам.доллар түүний дансаар нь дамжсан, төгрөгөөр 13.9 тэрбум төгрөг байршсан асуудлыг мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн хэмээн мэдээлж буй.
Харин УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр хөдөөгүүр ажилтай явна, хэвлэлийнхэн дэвэргээ биз, надад ийм мөнгө байхгүй баттай хэлье хэмээн өчигдөр орой твиттерээр жиргэсэн юм.
Ямартай ч, УМБГ-аас эхнэр О.Эрдэнэсолонгын дансанд байршсан мөнгө УИХ-ын гишүүнтэй холбоотой нь тогтоогдвол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудал ч яригдах аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ