“Эмээгийн цэцэрлэг”
Нийгмийн халамж шаардлагатай иргэдэд сэтгэлийн дэм хайрлаж, туслаж ирсэн "Заяа үжин" нийгэмлэгийн тэргүүн Ц.Тамара өдгөө нас сүүдэр 68 хүрч яваа ч хийж, бүтээх оргилуун хүсэлтэй, бусдад туслах сэтгэлтэй нэгэн. Тэрбээр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Улиастайн шинэ эцэст байрлах дөрвөн ханатай 25 гэрт бүхий халамжийн төвд эмзэг бүлгийн иргэдийг халамжилж, ажил хөдөлмөр эрхлэхэд нь зуучилдаг юм.
Тэгвэл өчигдөр тус төвийн бяцхан хүүхдүүдэд зориулсан “Эмээгийн цэцэрлэг” нэртэй гэр цэцэрлэгийн нээлт болж, багачуудын баяр хөөрөөр бялхсан үдэш болов. Энэхүү цэцэрлэгийн гэрийг “Гаррисон капитал Девелопмент” ХХК, “Саруул ирээдүй сан”-гаас бэлэглэсэн гэнэ. Харин гэр цэцэрлэгт шаардлагтай тоглоом наадгай, хичээлийн хэрэгсэл, үлгэрийн ном зэргийг “Хамтын халуун сэтгэл” залуусын нэгдэл, “Лантуун дохио” ТББ-ийн залуус авч очсон юм. Хүүхдэд ээлтэй хөрш” аяны хүрээнд зохион байгуулж буй сайн үйлсийг нь дэмжин гадаадад амьдарч байгаа монголчууд шив шинэхэн тоглоом, хичээлийн хэрэгсэл илгээсэн бол цэцэрлэгийн багачуудын идэх хоол, хүнсний хангалтыг сайхан сэтгэлт хүмүүс хандив болгон өгсөн ажээ.
Тус төвд нийт 20 орчим хүүхэд ээж, аавтайгаа амьдарч байгаа ба тэдний арав орчим нь 0-6 насных ч цэцэрлэгт хамрагдах боломжгүй өнөөдрийг хүргэн гэнэ. Залуус ханцуй шамлан гэр цэцэрлэгээ тохижуулах зуур хүүхдүүд гэрийн гадна тэсч ядан хүлээж байв. Удалгүй залуус тохижилтоо дуусган хүүхдүүдээ хүлээнэ авахад бэлэн болсныг мэдэгдсэн.
Энэ үеэр "Заяа үжин" нийгэмлэгийн тэргүүн Ц.Тамара хэлэхдээ “Манай төвийн багачуудыг гэр цэцэрлэгтэй болгож өгсөнд баярлалаа. Та бүхний сайхан сэтгэлийн үрийг улам бүр арвижуулан дэлгэрүүлэх болно. Сая хэдхэн хоногийн өмнөх хүчтэй салхины үеэр манай дөрвөн гэр, хашаа нурж, салхинд хийсчихлээ. Тиймээс Сонгинохайрхан дүүрэгт болон Налайхад эмзэг бүлгийн иргэдэд зориулсан хотхон барих асуудлыг судалж, холбогдох байгууллагуудаас заавар зөвлөгөө авч явна. Энэ ажил маань шийдэгдчихвэл тэдэнд зориулсан орон сууц, ажлын байр, хүүхэд багачуудад нь зориулсан цэцэрлэг, сургууль бүхий хотхоны ажлыг эхлүүлнэ. Налайхад гэхэд тоосгоны үйлдвэрийг түшиглэн хотхон байгуулах боломжтой” гэлээ.
Дашрамд дуулгахад, Ц.Тамара гуайн энэхүү төвд гал түймрийн аюулын улмаас таван ханатай гэр нь шатаж, орох оронгүй болж үлдсэн Ц.Ганбаатарынх гэх өнөр бүлийн тухай өгүүлсэн “Хормоор хэмжигдсэн амь буюу дуудлага” нэртэй нийтлэлийн эзэд маань амьдарч байгаа юм. Бид энэ тухай сурвалжлагыг тусгайлан хүргэх болно.


















СЭТГЭГДЭЛ БИЧИХ