Бага сургуулийн эхний ээлж 12 сард ашиглалтад орно
Нийслэлд шинээр барих 80 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын төслийг хэрэгжүүлж эхлэх гэж байгаа. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд цэцэрлэгт хамрагдаагүй 31 300 гаруй хүүхэд байгаа бол, цэцэрлэггүй 42 хороо байгаа юм. Түүнчлэн сургуульгүй 31, сургууль, цэцэрлэгийн аль аль нь байхгүй 14 хороо байдаг байна. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 115 325 хүүхдийн сургууль, цэцэрлэг шаардлагатай байгаа бөгөөд энэ нь 240 хүүхдийн 220 цэцэрлэг, 640 хүүхдийн 97 сургууль нэмж барина гэсэн үг юм.
Харин өнөөдөр нийслэлд 185 цэцэрлэг, 118 сургууль байна. Бага насны хүүхдийг гэрээс нь холгүй, хамгийн холдоо 500 метрийн радиуст сургуульдаа явахаар тооцоход хотын төвийн зургаан дүүрэгт бага сургууль цэцэрлэгийн 86 цогцолбор шаардлагатай байгаа юм. Төлөвлөж байгаагаар эдгээр цэцэрлэг, бага сургуулийг барьчихвал хүртээмж 40-50 хувиар нэмэгдэх тооцоо байгаа юм. Нийт баригдах шинэ цогцолборын цэцэрлэгт нийтдээ 10 320 хүүхэд, бага сургуульд нийт 20 640 хүүхэд хамрагдах боломжтой юм.
Шинээр төлөвлөж байгаа бага сургууль цэцэрлэгийн нэг цогцолборыг 1,5 тэрбум төгрөгөөр барина гэж тооцжээ. Хөрөнгө оруулалтын асуудлыг шийдчихвэл энэ ондоо багтаагаад 10-15 цогцолборыг ашиглалтад оруулах боломжтой бөгөөд Хөгжлийн банкны санхүүжилтээр шийдвэрлэх боломжийг судалж байгаа юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ