Замын цагдаа нар торгуулийн тасалбар хэвлэдэг машинтай болно
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн багцад батлагдсан 50 тэрбум төгрөгийг чухам ямар хөрөнгө оруулалтад зарцуулж буй УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр хийсэн мэдээллийнхээ үеэр тайлбарласан юм. Энэ мөнгөний 25 тэрбум төгрөгийг 11 аймгийн төвд оношилгооны төв байгуулахад, 2.4 тэрбум төгрөгийг Улаанбаатар хотод хүүхдийн зүрхний хагалгаа, эмчилгээний төв байгуулахад, 9 тэрбум төгрөгийг Ховд, Увс, Баян-Өлгий аймагт битүү зах байгуулахад, 5 тэрбум төгрөгийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд явган хүний, дугуйн, цанын зам, хөлбөмбөг, сагсны талбайг байгуулахад, 3 тэрбумыг бассейнтай спорт цогцолборын байрыг засварлахад зарцуулж байгаа гэлээ. Замын цагдаа нар жолооч нарт ногдуулсан торгуулийг бэлэн мөнгөөр авдаг бөгөөд торгууль төлсөн тасалбарыг бичин хэвлэн гаргадаг жижиг машиныг нийслэлд ажиллаж буй 350 цагдаад олгоход 2 тэрбумыг зарцуулах гэнэ. Ингээд замын цагдаа нар наймдугаар сараас торгуулийн тасалбар хэвлэдэг машинтай болох юм байна. Иргэдийн мэдээлэл, тодорхойлолтыг хурууны хээг нь үндэслэн хэвлэн гаргадаг киоскийг энэ жил нийслэлд 19 ширхэгийг байрлуулахад 2 тэрбум, шуудангийн үйлчилгээг сайжруулахад 1.9 тэрбумыг зарцуулах болно хэмээн Ерөнхий сайд мэдээллээ. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ