Н.Хүрэлбаатарыг хорилоо
Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг Монгол Улсын хууль хяналтын байгууллагын хүсэлтээр Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполоор эрэн сурвалжилж байгааг Цагдаагийн Ерөнхий газраас албан ёсоор мэдэгдэж байсан. Тэгвэл Н.Хүрэлбаатар өчигдөр орой "Кореан эйр"-ийн нислэгээр нутагтаа ирсэн. 22.20 цагт "Чингис хаан" олон улсын нисэх буудалд буусан түүнийг шууд баривчлах тухай мэдээлэл тараад байсан. Гэвч шөнийн 01 цаг хүртэл түүнийг ирсэн эсэхийг цагдаа нар нууцалж, байсан бөгөөд дөнгөж буусан түүнийг баривчлан ажилчдын хаалгаар авч явсаар нисэхийн цагдаагийн байранд аваачсан. Нисэхийн цагдаагийн газарт шөнийн 1 цаг 40 минут хүртэл түүнийг саатуулж,у лмаар урьдчилан хорих 461 дүгээр анги руу авч явсан юм. Тэрээр сэтгүүлчдийн асуултад "Энэ бол хэлмэгдүүлэлт. Үнэн ялна аа" хэмээв. Уг нь түүнд сэтгүүлчдийн асуултад тодорхой хариулах сонирхол байсан боловч цагдаагийнхан боломж олголгүй Н.Хүрэлбаатарыг машинд чихэн суулгасан юм. Түүний нууц хүүгийн гэрээс 2011 оны тавдугаар сард тухайн үеийн ханшаар 500 сая орчим төгрөг хадгалагдаж байсан нь алдагдаж, энэ жилээс энэхүү мөнгний асуудал сөхөгдөх болсон. Н.Хүрэлбаатараас уг мөнгө ямар учиртайг тодруулах оролдлогыг тухайн үед хийж байсан ч тэгсгээд дарагдсан гэдэг. Түүнийг Интерполоор эрэн сурвалжилж байгааг цагдаагийн байгууллагаас албан ёсоор мэдэгдсний дараа тэрээр бие төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэл хийсэн. Уг мэдэгдэлд “Хууль,хяналт болон цагдаагийн байгууллагаас намайг ямар нэг хэрэгт холбогдуулан албан ёсоор дуудсан зүйл байсангүй. Хэрвээ намайг эрэн сурвалжилж байсан бол надад болон манай гэр бүлийнхэнд энэ тухай албан ёсоор мэдэгдэх ёстой. Гэтэл Цагдаагийн ерөнхий газраас намайг эрэн сурвалжилж байгаа тухай хэвлэл, мэдээллийнхэнд мэдэгдсэн байна. Ийм учраас миний бие цагдаагийн газраас өчигдөр хийсэн мэдээллийг хүлээн авч, эндэх ажлаа орхин, зургадугаар сарын 7-ны өдөр эх орондоо очихоор боллоо" гэсэн юм.





СЭТГЭГДЭЛ БИЧИХ