
Боловсрол, шинжлэх ухааны яам энэ хичээлийн жилээс эхлэн хүүхэд нэг бүрийг орхилгүй хөгжүүлэх бодлого баримталж, “Авьяас”, “Ном”, “Багш”-ийн хөгжил хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Орон даяар хэрэгжсэн эдгээр хөтөлбөрүүд нэр, лоозон төдийхнөөр зургаан сарыг үдсэнгүй. Хүүхэд бүрт ямар нэг чаддаг зүйл байдаг. Түүнийг нь олж, хөгжихөд нь тусалж чадвал тухайн хүүхдийн өөртөө итгэх итгэл, сурч боловсрох сонирхол нь нэмэгддэг. Багш хүн нэг ангийн 30 хүүхдийн дарга биш хөгжих хүслийг нь дэмжих туслагч юм гэдгийг сурган хүмүүжүүлэгч бүрт ойлгуулж, үр дүнгээ өгч эхэлсэн байна.

БШУны сайд Л.Гантөмөр нэг сарын хугацаанд нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн багш нартай уулзсан бол энэ зундаа багтаж бүх аймгийн багш нартай уулзах зорилго тавьжээ. Тэрээр өнгөрсөн баасан гарагт Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотын дунд сургуулиудаар зочилж багш нартайгаа уулзан, хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийнхээ үр дүнг сонирхсон юм.
Өвөрхангай аймгийн 29 сургуульд 20918 хүүхэд сурч, хүмүүжиж байна. Эдгээр хүүхдүүдийн 40 гаруй хувь нь буюу 8134 хүүхэд өөрсдийн сонирхсон чиглэлээр авьяасаа нээн, 276 дугуйлан, секц, клубт хичээллэж, тэр чинээгээрээ сурлагын чанар, чадвар нь дээшилж байна гэдгийг багш нар салбарын сайддаа баяртайгаар хэлж байв.
Үүний нэг нотолгоо нь Арвайхээр хотын төв талбайд 1000 хүүхэд нэгэн зэрэг үндэсний бий биелгээ хийж ээж аавууддаа болон нутгийн иргэддээ үзүүлсэн аж. Энэ нь Монголын түүхэнд анхны тохиолдол болж байгааг аймгийн боловсрол соёлын газрынхан онцолж байлаа. Мөн “Энэ жил 1000 хүүхэд зэрэг бүжиглэж, хэрхэн хөгжсөнөө үзүүлсэн бол хойтон 1000 шатарчин юу чаддагаа харуулах болно” хэмээн тэд амлажээ.
БШУны сайд энэ бүхнийг үзэж, танилцаад багш нартаа ханд “Та бүхэндээ үнэхээр баярлалаа. Монголын хүүхэд бүр чадна. Эдгээр хүүхэд бүрийг та бүхэн хөгжүүлж чадна. Би итгэж байна. Цаашид багшид итгэж, хүүхэд сургаж, хөгжүүлэх бүх эрх мэдлийг багшид өгөх болно” гэдгийг онцлон хэлжээ. Харин энэ өдрүүдэд тэрээр Хэнтий, Дорнод аймгийн сургуулиудийн үйл ажиллагаатай танилцаж, багш нартай уулзаж байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ