Бага насны гурван хүүхэд усанд осолджээ

img

Ойрын үед гол усанд осолдох тохиолдол ихсэх хандлагатай байна. Ялангуяа бага насны хүүхэд гол усанд осолдож амь насаа алдсан тохиолдол гарсаар байна. Он гарсаар буюу зургадугаар сард гурван удаагийн тохиолдлоор 1-10 насны гурван хүүхэд усанд осолдсон.

Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нэгдүгээр багийн нутаг “Орхон” голд 9 настай, эрэгтэй М осолдсон дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид гарч, эрэн хайх ажиллагааг явуулж байна.

 

Хэнтий аймгийн Хэрлэн сумын гуравдугаар багийн нэгдүгээр 10 жилийн сургуулийн 3 дугаар ангид сурдаг М /10 настай, эрэгтэй/, З /9 настай, эрэгтэй/ нарын хоёр хүүхэд “Хэрлэн” голын гүүрнээс зүүн тийш 150 м газарт усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Эрэн хайх бүлэгтэй радио станц болон утсаар байнгын холбоотой ажиллаж байгаа аж.

 

Ус цаг уурын хүрээлэнгээс ирүүлсэн мэдээллээр энэ сарын 13,14-ний өдрүүдэд Сэлэнгэ, Хэнтий аймгийн зарим нутгаар усархаг, дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна. Борооны үеэр голуудын усны түвшин эрс нэмэгдэх хандлагатай байгаа тул гол усны ослоос урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлж гол ус руу явуулахгүй, голын эрэг дагуу тоглуулахгүй байхыг нийт эцэг эхчүүд, тэдний асран хамгаалагчдад онцгойлон анхааруулж байна.

Мөн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ иргэд гол усанд орохгүй байж сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүллээ.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ