Нэр дэвшигчид ба Удирдах ухаан - 33/17

img

Ерөнхийлөгчид нэр дэвшигчид гурвуулаа “мундаг” тиймээс шалгарсан, тодорсон, сонгогдоно гэж байгаа. Харин бүх сайн шинжийнх нь хамгийн чухал нэгэн болох Удирдах ухааныг хэр эзэмшсэн бол.

Буддын гүн ухааны ДАРМА-сургаалийн Амьдрах үнэн замын бодит чиг бүлэгт “Удирдан жолоодох” ухааны сургаалыг буулгасан байх юм. Үүнээс товчитгон хүргэж байна. Та бүхэн мэргэн оюундаа шүүн түнгааж, өнөө бидний амьдарч буй цаг үе, оршлын мөн чанартай харьцуулан үзэж тунгаах биз ээ. Нэг зүйлийг хэлэхэд, Буддагийн гэхээр шашны нэг талыг барьсан суртал байна гэж тайлбарлан буулгахгүй байх гэж найдаж байгаа ба доор гарах сургаалийн “Хаан” гэх нь өнөө бидний Ерөнхийлөгч гэдэгтэй шууд утгаараа бус ч гэлээ гол утгаараа дүйх мэт санагдлаа.  Ингээд харцгаая.

.

Удирдах ухаан гэдэгт:

1.Улс орныг цэцэглүүлэн хөгжүүлэх 7 сургаалыг санах

- Хүмүүс үндэсний аюулгүй байдлыг хангаж, улс төрийн хэргийг ард олон цуглаж хэлэлцэж байх ёстой.

- Нийгмийн бүх давхаргын хүмүүс эв зохицолтой амьдарч, улс гүрнийхээ хэргийг хамтран зөвшилцөх ёстой. Үүрэг хариуцлагаа гүнзгий ухамсарлаж шударга ёсыг эрхэмлэх ёстой.

- Хүмүүс хуучин заншлыг баримтлан хүндэтгэх, тэдгээрийг шалтгаангүйгээр өөрчлөхгүй байх, үүрэг хариуцлагаа гүнзгий ухамсарлаж, шударга ёсыг эрхэмлэх ёстой.

- Хүйсийн ялгаа, ах захын ялгааг сайтар ойлгож, нийгэм гэр бүлийн цэвэр ариун ёсыг чанд сахих учиртай.

- Эцэг эхдээ үр ачийн нандин үүргийг хүлээх учиртай.

- Дээдсийн дурсгалт онгон газрыг шүтэж жил бүрийн шашны ёсыг гүйцэтгэж байх ёстой.

- Олон түмний ёс суртахууныг чухалчилж буянт явдлыг эрхэмлэж номч мэргэн багш нарын айлдварыг бишрэн сонсож байх ёстой.

.

2.Удирдагч хүнд улс гүрнээ захирах хамгийн эрхэм арга бол юуны өмнө өөрийгөө удирдах арга.

Удирдагч нь хүн ардаа нигүүлсэнгүй сэтгэлтэй болгож үнэт сургаалаа хайрлан тэдний сэтгэлийн бүхий л буртаг хирнээс ангижруулахад удирдлагаа чиглүүлэх ёстой. Сэтгэл гэдэг бол бүх юмны уг. Тэгэхээр удирдагч хүн юуны түрүүнд хүний сэтгэлийг удирдах замыг эрэлхийлэх ёстой.

.

3. Мэргэн удирдлагын гол зарчим бол ...

Нөхөр дайсан хэмээн алагчлахгүй аваас улс гүрэн нь цэцэглэн хөгжсөөр байх ажгуу. Хэрэв улс гүрэн нь хөгжингүй жаргалтай аваас бусад улс гүрэн дайрч давшлах зэвсэг сэлт ч юун хэрэг билээ.

Хүмүүс нь аз жаргалтай, сэтгэл хангалуун, тэгш ёсыг олсон, буян нь ихэссэн бусад улсаар дэмжин хүрээлэгдсэн үед олон түмэн бие биеэ хүндэлдэг. Тэгээд юм бүр цэцэглэн хөгжинө. Цаг агаар хүртэл дулаарч нар, сар, од жам ёсоороо мандан, хур бороо цагтаа орж байгалийн бүх гамшиг арилна.

.

4. Удирдагчийн үүрэг бол зон олноо хамгаалахад оршино.

Тэр өөрийн ард албат нарын эцэг эх бөгөөд тэднийг хуулиар хамгаална. Түмэн олондоо, эцэг эх нь үр хүүхдээ яаж бойжуулдагтай адил ханддаг байх ёстой. Эх хүн хүүхдээ уйлахыг нь хүлээхгүй норсон хувцсыг нь сольдогтой адил юм. Хаан хүн гэдэг бол улс түмнээ зовлон зүдгүүрээс салгаж тэдний аз жаргалын төлөө санаа тавих хэрэгтэй. Хаан хүнд ард түмэн гэдэг бол төрийн жинхэнэ эрдэнэ мөн. Яагаад гэвэл түмэн олонгүй төр гэж байдаггүй. Улс орон нь хангалуун амьдарч байгаа цагт Төр хүчтэй бат бөх байна. Хаан ард олныхоо төлөө үргэлж санаа зовох хэрэгтэй. Ард олныхоо зовлон жаргалыг ил харж түүний ирээдүйн төлөө санаа зовох ёстой. Ард түмэн нь юунд баясч юунд санаа  зовж байна гэдгийг ч сайн мэдэж байх ёстой. Түүнчлэн хүмүүсийн байгуулсан гавьяа зүтгэл гэмт хэргийг  харж мэдэх ёстой. ...Хаан  олон түмэндээ өглөг хүртээх ёстой бөгөөд чухал хэрэгтэй цагт нь өгөх нь зохимжтой. ...Ард түмнийг хоосолж цөлмөхгүйн тулд татвар хэр хэмжээндээ тохирсон байх хэрэгтэй. Тийм болвоос ард олны сэтгэл хангалуун амьдрах болно. Мэргэн жолоодогч түмэн олноо эрдмийн хүч, өндөр нэр сүрээрээ хамгаална. Ард түмнийхээ төлөө өөрийн төлөө юм шиг санаа зовж чадаж байвал түүнийг зон олон зүй ёсоор удирдагч хэмээн хүлээн зөвшөөрч тойрон нягтардаг .

.

5.Үнэний Хаан бол хаадын Хаан мөн ....

Түүний явсан газар хэрүүл маргаан зогсч муу юм арилдаг. Тэр нь үнэний хүчээр буяныг үйлдэнэ. Хорт муу санааг үндсээр нь арилгаж түмэн олонд энх амгаланг авчирна. Үнэний хаан бол амьтны амь тасалдаггүй, хулгай хийдэггүй, худал хэлдэггүй, буруу хурьцдаггүй, дэмий чалчдаггүй, шунадаггүй, уурладаггүй, мунхагладаггүй, зусардаж бялдуучилдаггүй энэ арван буянаар арван хар нүглийн зайлуулна. Үнэн илэрч байгаа газар хүчирхийлэл зогсч нүгэлт муу санаа арилна.

.

6. Мэргэн удирдагч аливаа гэмт хэргийг үзэж шийдэхдээ энэрэн нигүүлсэхүйн сэтгэлээр хандана.

.

7. Хэрэв чухал албаны сайд хүн улс орныхоо эрх ашгийг мартан зөвхөн хувиа хичээн хээл   хахууль авч, албан тушаалаа ашиглаваас:

Нийгмийн ёс суртахуун ялзарч, хүмүүс бие биеэ мэхлэн, хүчтэй нь хүчгүйгээ дээрэлхэн, дээд язгууртан нь доод гаралтнаа үзэн ядаж баян нь ядуугаа зарцлаж, шударга ёс үгүй болно. Гай зовлон улам нэмэгдэнэ. Ийм үед үнэнч шударга зүтгэлтнүүд өөрийн ажил үүргээс холдоно. Үнэнч шударга хүмүүс амьдрал амь насаа хоохойлон хувиа бодон чимээгүй суух болно. Харин зусардан бялдуучлагчид дэвшин, чухал байр суурь эзлэн, албан тушаалаа ашиглан баяжиж байдаг. Ард олон улам улам ядууран хоосроно. Иймэрхүү үед Хааны зарлигийг хүмүүс хэрэгсэхгүй болж засаг төр нь хазайж ирнэ. Иймэрхүү хортой муу хүмүүс ард түмнийг буянт үйл, аз жаргалаас нь холдуулж, төр засгийн хорт заналт дайсан болдог. Тийм хүмүүс дээрээ байгаа хүмүүсийг хуурч, доороо байгааг хутган үймүүлж улс орны доройтол ядуурлын үндэс болно. Ийм хорт хүмүүсийг Хаан хамгийн хатуугаар цээрлүүлбэл зохино...

.

Энэхүү сургааль нь одоогоос 2500 орчим жилийн өмнөх гэгээрсэн Будда эрхмийн дээдийн сургаалийн нэгээхэн хэсэг. Хүний мөс муудаад, цаг зөвүүн болохын шинж дээ ...гэх өвөг дээдсийн шүүрс алдан хэлж байсан тэр цаг ирсэн ч юм шиг, басхүү энэ цагийг давахад биднийг хөтлөн жолоодох улстөрч эрхмүүдэд, нэр дэвшигчдэд дээрх Удирдах ухааны сургаалийг сануулан хэлж, өөрсдийг нь энэ жишгээр нягтлан нэг жишмээр ч юм шиг санагдлаа. Мөн түүний хэлсэн “Та нар минь, гал ус хоёр шиг харшилдан бүү тэмц, ус сүү хоёр шиг сүлэлдэн найрч бай” хэмээснийг ч санан сэрүүштэй мэт ээ.

.

Дээр шигшин тунгааж сургаснаар “Эх хүн хүүхдээ уйлахыг нь хүлээхгүй норсон хувцсыг нь сольдогтой адил түмэн олондоо санаа тавьдаг, тэднийхээ зовлон жаргалыг ил харж чаддаг, түмэн олноо эрдмийн хүч, өндөр нэр сүрээрээ хамгаалах, авилга ч хорт муу хүмүүсийг хатуугаар шийтгэдэг, ард түмнийхээ төлөө өөрийн төлөө юм шиг санаа зовж чаддаг, зон олондоо зүй ёсоор удирдагч хэмээн хүлээн зөвшөөрөгдөж, төрөө түмэн олноороо тойрон нягтруулж чадах тэр Ерөнхийлөгч, одоогийн нэр дэвшигчдийн хэн нь бэ гэдгийг тунгаацгаая.

.

П.Баярхүү  /тоймч/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Раднаа:
Нэр дэвшигч нарын хэн нь энэ 7 сургаалтай нийцэж байгааг тунгаан бодож сонголтоо хийцгээе. Сонголт оновчтой байвал ард олоны амьдрал сайжирч, шударга нийгэм тогтвол монгол орон минь мандан бадрана.
2013-06-12
зочин:
Эртний Буддын гүн ухаанд тэгээд "ёстой" гэж ирээд л бас одоогийн үг хэллэгээр бичсэн байна уу. Ямар ч нэмэр хачир, элдэв найруулгагүйгээр эх хувиар нь бичвэл уншихад тааламжтай байхын...
2013-06-11
Mongol:
noiton jivhii ni gediimuu?
2013-06-10