Фермерүүд “Сүү өргөх” жагсаал хийж байна
Монголын сүүний нэгдсэн холбооны гишүүд өнөөдөр Сүхбаатарын талбай дээр “Сүү өргөх” нэртэй тайван жагсаалыг зохион байгуулж байна. Тэд монголын фермерүүд, малчдыг төлөөлөн үнээний сүүний үнийг тогтворжуулах, хэрэглээг нэмэгдүүлэхийг Засгийн газраас хүсч жагсаал цуглаан зохион байгуулж байгаа юм. Учир нь сүүлийн 20 жил саалийн эрчимжсэн фермерийн аж ахуйг төр засгаас огт харж үзээгүй бөгөөд фермерүүд бор зүрхээрээ өнөөдрийг хүртэл явж иржээ.
.
“Сүү өргөх” жагсаалд одоогоор 500 орчим хүн жагсаж байна. Тэд холбогдох албаны хүмүүст дуу хоолойгоо хүргэхийн тулд өөрсдийн үгээ лоозонд буулгажээ. Тэдний хэлж буйгаар сүүлийн жилүүдэд үнээний сүүг үйлдвэрүүд хэт доогуур үнээр авч, өндөр үнээр зарж буйг эсэргүүцэж байгаа гэнэ. Мөн өнөөдөр үнээний сүү хамгийн хямд нь үнэ нэг литр нь 250 төгрөг байгааг дуулгасан юм. Үнээний сүү нь тээвэрлэлт, хадгалалт даадаггүй эмзэг бүтээгдэхүүн учраас орон нутгаас нийслэлийн иргэдийг сүүгээр хангахад бэрхшээлтэй зүйлс их тохиолддог гэнэ. Тиймээс эрчимжсэн фермерийг хөгжүүлэхийн тулд нийслэлийн ойр фермерийн бүс байгуулах шаарлагатай байгаа бөгөөд холбогдох хүмүүст нь энэ талаар хандаж эхэлжээ.
.
Энэ талаар Монголын сүүний нэгдсэн холбооны тэргүүн О.Амарцэнгэлээс тодруулахад “Хэдийгээр өнөөдөр шингэн сүүний үнэ хуурай сүүний үнээс хэд дахин хямд байгаа ч сүүний үйлдвэр болгон аваад хэрэглээд байгаа зүйл биш. Учир нь нийслэл хотод борлуулдаг сүүний 80 хувийг хуурай сүү, түүгээр хийсэн бүтээгдэхүүн эзэлж байна. Түүний ердөө 20 хувийг нь л үнээний сүү, түүгээр хийсэн бүтээгдэхүүн эзлэх болсон. Та бүхэнд нэг сонирхолтой тоо баримтыг хэлмээр байна. Эрүүл мэндийг яамнаас Монгол хүн бүр өдөрт 430 грамм сүү ноогдоно хэмээн заасан ч өнөөдөр нийслэлийн хүн амын нэг хүр бүрт өдөр 100 грамм сүү л оногдож байна. Тиймээс бид төр засгийн удирдлагууд, холбогдох байгууллага болон нийт иргэддээ уг лоозонд бичсэн шаардлагуудыг хүргүүлж байна. Үүнд, үнээний сүүний үнийг литр тутмыг нь 1050 төгрөг болгох, фермерийн аж ахуй эрхлэгчдийг дэмжихийн тулд нийслэл хотод ойрхон сүүний фермерийн бүсийг гарган тэдэнд үйл ажиллагаа явуулахад нь туслах, импортын сүүг бүрэн хязгаарлах, эрчимжсэн сүүний фермерийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг шийдэж өгөхийг хүссэн байгаа. Магадгүй иргэд бидний жагсаалыг улс төр гэж ойлгох байх. Энэ жагсаалд ямар ч улс төр байхгүй” гэлээ.
.
“Сүү өргөх” жагсаалийн үеэр Монголын сүүний нэгдсэн холбооны гишүүн н.Батмандал нэгэн баримтыг иргэд олон нийтэд хандаж, хэлэв.
Тэрээр “Фермерт нийлүүлсэн сүүнд 300 төгрөг төлж байгаа бол, дэлгүүрт сүү 1600-1800 төгрөгийн ханштай байна. Фермээс боловсруулах үйлдвэр хүртэлх тээврийн зардал 50 төг, үйлдвэрээс дэлгүүр хүртэлх тээврийн зардал 100 төг болно. Үүн дээр дэлгүүрийн нэмэгдэл 200 төг гэж бодоход хуурай сүү үйлдвэрлэгчид байгалийн цэвэр сүү үйлдвэрлэгч фермерээс 2 дахин илүү ашиг олж байна. Ийнхүү сүүний фермерүүд ашиггүй ажиллаж байгаа нь хэрэглэгчдэд цэвэр сүү хүргэх боломжийг хааж байгаагийн нэг хэлбэр юм. Иймд төрийн зохицуулалт, дэмжлэг бидэнд хэрэгтэй байна” хэмээн хэллээ.
Б.Одон
Гэрэл зургийг Б.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ