
Өнгөрсөн оны есдүгээр сарын 3-нд хичээлээ тараад ээж, дүүтэйгээ явж байсан Б.Есүгэн охин барилгын компанийн хариуцлагагүй үйлдлээс болж амь насаа алдсан.
Ослын дараа “Төгс гүрэн” ХХК-ийн холбогдох хүмүүст Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснээр өнөөдөр Б.Гантөмөр нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал товлогдсон юм. Харин уг шүүх хурал ирэх сарын 03-ныг хүртэл хойшиллоо. Учир нь шүүгчдэгч нарын зарим нь өмгөөлөгчөө саяхан сонгосон тул хавтаст хэрэгтэйгээ танилцаж амжаагүй гэсэн шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт тавьжээ. Мөн шинжээч нарыг шүүх хуралд байлцуулах шаардлагатай хэмээн үзсэнээс ийнхүү шүүх хурал хойшилсон юм.
Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн 94.1 буюу “Бусдыг болгоомжгүй алсан”, 183.1 буюу “Уул, уурхай, барилга, түүнчлэн тэсэрч дэлбэрэх аюул гарч болзошгүй үйлдвэр бусад аж ахуйн нэгж, байгууллагад аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан” гэдэг үндэслэлээр буруутгаж байгаа юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ