
БШУ-ны сайд Л.Гантөмөр өнгөрөгч амралтын өдөр буюу 6 сарын 9-нд Хэнтий аймагт ажиллаж, боловсролын салбарын багш ажилтнуудтай уулзлаа. Энэхүү уулзалтаар сайд Боловсролын салбарын шинэчлэлийн бодлогоо танилцуулж, багш нартай санал солилцсон байна.
Уулзалтын дараа Л.Гантөмөр сайд Тэмүүжин, Хан Хэнтий цогцолбор сургуулиудаар зочилж, “Авьяас” “Ном” “Багшийн хөгжил” хөтөлбөрүүдийн үр дүнтэй танилцлаа. Уулзалтад аймгийн төвийн 350 гаруй багш ажилтнууд оролцож салбарын сайдтайгаа санал бодлоо солилцсон байна. Багш нар боловсролын салбарын чанарын шинэчлэлийн бодлогыг дэмжиж байгаа, хүүхдүүд өөрсдийн хүсэл, сонирхлын дагуу секц, дугуйлангуудад хичээллэж, түүнийгээ дагаад сурлагын чанар нь ч дээшилж байгааг хэлсэн. Мөн багшийн цалин, тэтгэмж, төсвийн дутагдлын талаар санал хүсэлтээ сайдад уламжиллаа.
Харин Боловсрол, шинжлэх ухааны сайд багш нарт үр дүнтэй сайн ажиллаж байгаад нь талархал илэрхийлээд, “Цаашид багшийн хөдөлмөрийг шударгаар үнэлж, урамшуулдаг тогтолцоонд шилжинэ. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлж чаддаг, үнэхээр сайн багшаас төр мөнгө харамлахгүй. Харин ч бүр онцгойлон дэмжинэ. Хүүхэд сургах, хөгжүүлэх арга зүй, тэр ч бүү хэл цагийн хуваарийг нь дээрээс заадаг байсныг шинэчилж, багш хүүхдэд тэр жил заах хичээлээ ямар хугацаанд, яаж заахаа өөрөө мэдэх эрхийг нь олгоно. Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрууд багшийг үргэлж шалгадаг биш багшдаа итгэж, хүүхдээ хөгжүүлэхэд нь тусалдаг болох ёстой” хэмээн онцолсон юм.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ