Facebook-ийн “Цагаан тагтаа” группт нэгдээрэй

Тамхиа модтой чихрээр солих уу?
Найрсаг залуусын “Цагаан тагтаа” бүлгэм татаж амжаагүй тамхийг модтой чихрээр солих аян өрнүүллээ. Тэд “Тамхи шинэ үеийн сонголт биш” гэж хэлж байна. Тиймээс гудамжинд тааралдсан хүмүүст “тамхигүй”, “чихэртэй” инээмсэглэл бэлэглэсэн юм. Тамхины найрлагад хүний биед хэрэгтэй ганц ч бодис байхгүй. Тамхи хоол биш. Тамхи эрүүл мэнд, залуу нас, гоо сайхныг тань чимээгүйхэн сорж байгааг залуус тааралдсан хүмүүстээ хэлж, сануулж явлаа. “Тамхигүй Монгол” аян Улсын их дэлгүүрийн урд талын усан оргилуураас эхлэн, Улаанбаатар зочид буудал хүртэл төв зам дагуу өрнөсөн. Найрсаг залуустай тааралдсан эрхмүүд тамхиа модтой чихрээр солихдоо сэтгэл хангалуун инээмсэглэж байсан юм. Тэд залуусын хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа илэрхийлж, удахгүй тамхинаас гарах зорилго тавьчихаад байгаагаа ч дэлгэсэн. Тамхи шүд шарлуулж, уушиг хордуулан, элдэв өвчин үүсгэдэг. Тамхи эр хүнийг хүч тамиргүй, сул дорой нэгэн болгож, эмэгтэй хүнээр дамжин, урагт нөлөөлдөг. Харин Монголын залуус цав цагаан шүдээ яралзуулан инээмсэглэж, цээж дүүрэн амьсгалан, эрүүл саруул амьдарч, их зүйл хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн яваа. Тиймээс тэд тамхигүй ирээдүйг сонгож байна. Найрсаг залуусын “Цагаан тагтаа” бүлгэм хүүхэд бүр хүчирхийлэл, дарамтаас ангид, гэр бүлдээ амар тайван амьдрах эрхтэйг сануулж, “Инээмсэглэлийг нь хайрлая” аян Олон Улсын Хүүхдийн баяраар зохион байгуулсан. Энэ удаа “Тамхигүй Монгол” аянаа программ хангамжийн салбартаа тэргүүлэгч “Содонсолушн” ХХК-ийн ивээн тэтгэлгээр амжилттай хэрэгжүүллээ. Аяны хүрээнд залуус 3000 гаруй тамхийг модтой чихрээр сольж, устгасан байна. Нийгмийг сайн сайханд уриалсан “Найрсаг амьдаръя” төсөл энэ он дуустал хэрэгжинэ. 7 хоног бүрийн Бямба гарагт найрсаг амьдралын эхлэл чухам юу болохыг залуус олон нийтэд мэдрүүлэх юм. Харин энэ Бямба гарагт хэн нэгний амьдралыг аврахын төлөө цусаа хандивлахыг уриалж, “Нэг дусал=Нэг амь” аян өрнүүлэх нь ээ. https://www.facebook.com/groups/tsagaantagtaa/ http://youtu.be/2qwfe7gw-v4
СЭТГЭГДЭЛ БИЧИХ