
Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Цогтбаатарыг ХБНГУ-ын иргэн Масимлян Лёонхарт Клойбер гэгчийн алга болсон хэрэгт сэжиглэж байгаа билээ. Энэ хэргийг шалгахаар Германаас хоёр мөрдөгч ирсэн нь олны анхаарлыг татаад байна. Тэгвэл өнөөдөр түүний гэргий Ч.Мандах сэтгүүлчдэд хандаж мэдээлэл хийлээ.
Тэрбээр мэдээллийнхээ үеэр “Миний хань хүнээс мөнгө залилах нь бүү хэл, хүнд худлаа хэлэх хүн биш. Үүнийг тухайн үед хамт суралцаж байсан хүмүүс, элчин сайд, консул бүгд нотлоно. Манай нөхөр 2005 онд сургуулиа төгсөж ирээд тухайн үеийн ТЕГ-ын даргын тушаалаар одоогийн АТГ-ын дарга Б.Хурцын удирдлага доор ажиллаж байсан. Төрийн албанд ажиллаж байсан, тодорхой хаягтай гэр оронтой хүнийг заавал цагдан хорих хэрэг байна уу.
Гадуур байцааж болно шүү дээ. Манай нөхрийг баривчлахдаа ар гэрт нь мэдэгдэхгүй, хувцасыг нь ч солиогүй авч яваад найм хонож байна. Энэ нь хүний эрхийг ноцтой зөрчсөн, хууль бус үйлдэл. Мөн манай нөхрийг өнгөрсөн гуравдугаар сард ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын хэлтсийн даргаар томилогдсон өдрөөс нь эхлэн хэвлэл мэдээллээр элдвээр бичих болсон. Энэ нь албан тушаалаас зайлуулах гэсэн тодорхой ашиг сонирхол бүхий хүмүүсийн зохион байгуулалтай үйлдэл хэмээн үзэж байна. Би Д.Цогтбаатартай дэслэгч байх үед нь ханилсан. Түүнээс хойш 15 жилийн хугацаанд Монгол төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг байсныг олон хүн мэднэ. Би ханийхаа эрүүл мэнд, бие махбодид үнэхээр санаа зовж байна. Тиймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон холбогдох хүмүүс энэ асуудалд анхаарлаа хандуулж, ажиллахыг хүсч байна. Хэрэв шаардлага гарч, цаг нь ирвэл тодорхой баримтуудыг олон нийтэд мэдээллэх болно. Энэ удаа үүнээс өөр мэдээлэл өгөх боломж алга” хэмээн ярив.
Энэ үеэр Д.Цогтбаатарын гэргий Ч.Мандахаас хэдэн асуултад хариулт авлаа.
-Таны нөхөр өмнө нь бас төрийн нууц задруулсан хэргээр шалгуулж байсан байх аа?
-Миний нөхөр төрийн нууц задалсан гэх хэрэгт өөрөө сайн дураараа албан тушаалаасаа түдгэлзэн шалгуулсан. Шалгаад тэр хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Гэтэл тэр өдөр нь л огт өөр залилангийн хэрэгт сэжиглэн баривчлан хорьсон. Тэгэхээр ямар ч аргаар хамаагүй манай нөхрийг баривчлан хорих зорилго тэдэнд байжээ.
-Одоо бол гадаад иргэн алга болсон хэрэгт танай нөхрийг холбоотой байх гэж байцааж байгаа шүү дээ. Алга болсон гадаад иргэнийг өөрөө таньдаг байсан уу?
-Монголд найман жилийн өмнө буюу 2005 онд гадаадын иргэн алга болсон юм билээ. Түүнд л манай нөхрийг холбогдуулан шалгаж байгаа гэсэн. Яг тэр цаг үед нь манай нөхөр Москвад Холбооны аюулгүй байдлын академид сурч байсан болохоор манайх гэр бүлээрээ тэнд амьдарч байсан. Үүнийг гэрчлэх дөч тавин хүн бий. Би нэрсийг нь мөрдөн байцаагчид нь гаргаж өгсөн.
-Та Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ТЕГ-ын удирдлагыг энэ хэрэгт анхаарлаа хандуулахыг шаардлаа. Баримтуудыг хэзээ дэлгэх вэ?
-Энэ сарын 17-нд миний нөхрийн цагдан хорих хугацаа дуусна. Тэр үед энэ хууль бус үйл ажиллагаа үргэлжилсээр байвал би 18-нд хэвлэлийн хурал хийж зарим нэг баримтыг дэлгэх болно. Миний нөхрийг их хөрөнгө мөнгөтэй, арга зальтай гэсэн гүтгэлгийг зохион байгуулалттайгаар цацаж байгаа. Миний баталж хэлэх юм гэвэл нөхрийн маань шударга зан л зарим хүмүүсийн дургүйг хүргэдэг байж магадгүй. Бидэнд хүнээс илүү гарах их хөрөнгө байхгүй. Жил бүр манай нөхөр Хөрөнгө орлогын мэдүүлгээ АТГ-т гаргаж өгдөг. Үүнтэй холбоотойгоор ямар нэгэн асуудал гарч байгаагүй.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ