Дэлхий нийтээр цөлжилттэй тэмцэнэ
Жил бүрийн зургаадугаар сарын 17-ний дэлхий нийтээр “цөлжилттэй тэмцэх өдөр” болгон тэмдэглэдэг. “Дэлхий нийтээр цөлжилттэй тэмцэх өдөр”-ийн зорилго нь олон улсад цөлжилттэй хэрхэн тэмцэж байгаа талаар иргэдэд мэдээлэл өгөх мөн цөлжилтийн хор уршиг, түүнтэй тэмцэх, зарим тохиолдолд дасан зохицох арга замуудыг санал болгох, эрэлхийлэх явдал юм. Энэ өдрийг дэлхийн улс орнууд уулзалт семинар, олон нийтийн арга хэмжээ, цуглаан зохион байгуулах байдлаар тэмдэглэн өнгөрүүлдэг байна.
Харин манай улсын нийт бэлчээрийн 90 орчим хувь нь цөлжилт, газрын доройтлын үйл явцад өртөх магадлалтай нутагт хамрагдах бөгөөд эдгээрээс үнэлгээ, зураглалын өнөөгийн үр дүнгээр цөлжилтийн нэн хүчтэй зэрэглэлд 5.0 хувь, хүчтэй зэрэглэлд 18.0 хувь, дунд зэрэглэлд 26.0 хувь, сул зэрэглэлд 23.0 хувь нь тус тус хамрагдах болсон талаар мэргэжлийн хүмүүс хэлж байна. Энэ нь тодорхой бүс нутагт цөлжилтийн аюулын зэрэглэл нэмэгдэж, нутаг дэвсгэрийн 72 хувь хүртэл өргөжсөн байгааг харуулж байгаа ажээ.
Цөлжилтийн нэн хүчтэй, хүчтэй зэрэглэлд Увс нуурын хотгор, Их нууруудын хотгор, Нууруудын хөндий, Дундговь, Дорноговийн гандуу хуурай, цөлөрхөг нутгууд ихэвчлэн хамрагдаж байна. Говь, хээрийн бүсийн 145 сумын төв суурин газар элсний нүүдэлд өртөөд байгаа юм. Эрдэмтдийн судалгаагаар хуурайшил тал хээр, говь цөлийн бүсэд олон жилийн дунджаас 3.2-10.0 хувь, ойт хээрийн бүс, өндөр уулын бүслүүрт 10-15 хувиар нэмэгджээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ