
АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд хатагтай Пайпер Энн Уинд Кэмбэл тус улсын Цэргийн академийн сонгон шалгаруулалтад тэнцсэн Н.Мөнгөншагайд суралцах эрхийн үнэмлэх, урилгыг нь саяхан гардуулж өгсөн байна. Дэлхийн нэр хүнд бүхий тус сургуульд энэ жилийн хувьд олон улсын 125 оюутан суралцах хүсэлт, материалаа өгснөөс зөвхөн 16 нь тэнцжээ. “Сант” бүрэн дунд сургуулийн төгсөх ангийн сурагч Н.Мөнгөншагайд АНУ-ын Цэргийн академи буюу “West Point”-оос ирүүлсэн захидалд “Н.Мөнгөншагай нь энэхүү цэргийн сургуульд тэнцсэн нь суралцах явцад түүнийг хүлээж буй бэрхшээлд тэрээр оюун ухаан болон бие бялдраараа ямар сайн бэлтгэгдсэнийг харуулж байна. Монгол Улсын Засгийн газар, тухайлбал Зэвсэгт хүчин олон улсын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа энэ үед уг академи нь Н.Мөнгөншагайг Монголын ард түмэн болон Зэвсэгт хүчинд цаашид алба хаахад нь маш сайн бэлтгэх болно. Н.Мөнгөншагайг “West Point”-ийг амжилттай дүүргэж, цаашид улсынхаа Зэвсэгт хүчинд сайн бэлтгэгдсэн боловсон хүчин болсноор Монголын ард түмэн түүгээр бахархах болно гэдэгт бид бат итгэлтэй байна” гэжээ.
Дашрамд дурдахад Н.Мөнгөншагай нь АНУ-ын “West Point” Цэргийн академид суралцахаар тэнцсэн хоёр дахь монгол сонсогч юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ