Ч.Уртнасан: 13 настай охин ДОХ-ын халдвар авсан гэдэг нь худлаа

img

Манай улсад ДОХ-ын тохиолдолд өдөр ирэх бүр нэмэгдсээр л байгаа. Бүр насанд хүрээгүй хүүхдэд хүртэл халдлаа гэх сэртхийлгэм мэдээлэл сүүлийн үед дуулдах боллоо. Энэ талаар ХӨСҮТ-ийн хэвлэл мэдээллийн албаны дарга Ч.Уртнасангаас тодрууллаа.

.

-ДОХ-ын 142 дахь тохиолдол илэрлээ. Тэр нь 13 настай, дунд сургуулийн охин байгаа талаар хэвлэлүүд бичиж байна. Энэ үнэн юм уу?

-Он гарсаар ДОХ-ын тоо эрчимтэй өссөөр байна. Өнгөрсөн оны 12 дугаар сард ДОХ-ын гурван тохиолдол илэрч 127-д хүрч байсан бол он гарсаар ДОХ-ын халдвартай хүний тоо 141 хүрээд байна. Өөрөөр хэлбэл зургаан сарын дотор 14 тохиолдол нэмэгдсэн. Энэ бол батлагдсан тоо. Харин 142 дахь тохилдол илэрч, тэр нь 13 настай охин гэдэг нь худлаа мэдээлэл.

.

-Уг мэдээллийг ЭМЯ болон ХӨСҮТ-ийнхөн нууцлаад байгаа юм биш үү?

-Үгүй. Ямар ч нууцлах зүйл байхгүй. Бид ДОХ-ын халдвартай хүний тоогоо бодитоогоор мэдээллэдэг.

.

- Өнгөрсөн долоо хоногт ДОХ-ын 141 дэх тохиолдол илэрсэн. Энэ хүн ХӨСҮТ-ийн “Нээлттэй хаалганы өдөр”-өөр анх шинжилгээ өгсөн үү?

-Үгүй. Өнгөрөгч баасан гарагт ХӨСҮТ-өөс  зохион байгуулсан нээлттэй хаалганы өдрөөр манай төвд 568 хүн хандаж үйлчилгээ авсан. 141 дэх тохиолдолын хувьд орон нутгаас онош баталгаажуулахаар ирүүлсэн үйлчлүүлэгчийн сорьцонд ХДХВ-ын халдвар авсан нь батлагдсан. Энэ хүн 40-44 насны  эрэгтэй. Одоогоор түүний биеийн байдал нь хэвийн байна. ХӨСҮТ-д тархвар судлалын ажил үргэлжлэн хийгдэж байна.

.

-Ер нь халдвар илэрсэн хүмүүст ямар эмчилгээ хийдэг вэ?

-Халдвар илэрсэн ч өвчний шинж тэмдэг мэдэгдээгүй байгаа үеийг халдвар тээгч шинж тэмдэггүй үе гэнэ, дараа нь халдварын шинж тэмдэг илэрсэн үе, ДОХ-ын үе гэж хуваадаг. Тухайн хүн ямар шатандаа байгаагаас нь шалтгаалж эмчийн хяналтад оруулж, тохирох эмчилгээг хийдэг юм.

.

-ДОХ-той хүмүүс хэр удаан амьдрах боломжтой байдаг бол. Нуугдмал өвчин болохоор цаг алддаг байх?

-Халдвараа мэдэхгүй 5-10 жил болдог гэсэн олон улсын жишиг бий. Манай улсад хамгийн удаан амьдарсан нь 1993 онд илэрч байсан хоёр дахь тохиолдол. Одоо 13 дахь жилдээ ХДХВ-ийн шинж тэмдэггүй үедээ вирүс тээгч байдалтай амьдраад байж байна. ДОХ-ын халдвар авсан хүн хэдэн жил амьдрах нь олон зүйлээс шалтгаалдаг. Хэзээ шинжилгээ өгсөн, өвчин ямар шатандаа яваа, ХДХВ-ийн халдварын дараа өөр ямар өвчнөөр нэмж өвчилсөн зэрэг. Халдвартай гэдгээ эрт мэдээд, эмчилгээнд орж, ажлын ачааллаа багасгаад, томуу, сүрьеэ, хавдар гээд бусад төрлийн өвчнөөр өвчлөхгүй байвал удаан амьдрах боломж бий. Тиймээс сайн хамрагдахыг сурталчлах нь чухал байгаа юм.

.

-ДОХ өвчний шатандаа орсон, хүндэрсэн хүмүүсээс удаан амьдарсан нь аль нь вэ?

-Манайд хамгийн анх 1992 онд халдвартай болох нь тогтоогдсон хүн долоон жилийн дараа нас барьсан иргэнийг удаан амьдарсанд тооцдог. Гэтэл түүнээс сүүлд илэрсэн хэрнээ өвчин нь хүндрээд хоёр гурван сар, 2-3 жил болоод нас барсан тохиолдол ч байна.

.

-Урьдчилан сэргийлэх вакцин гаргах ажил олон улсад ямар шатанд яваа бол?

-Одоогоор бүрэн төгс урьдчилан сэргийлэх бэлдмэл гараагүй. Гэхдээ саяхан Америк, Тайландын эрдэмтэд хамтраад энэ өвчнөөс 30 хувиар сэргийлэх вакцин гаргаж авсан гэсэн мэдээлэл гарсан байна. Ямар ч байсан вакцин гаргаж болох юм байна гэсэн эхний найдвар төрүүлсэн үйл явдал болсон.

.

-ДОХ өвчний эмчилгээний зардал хэр өндөр вэ?

-Эмчилгээний зардал маш өндөр байгаа. Өндөр зардлаар эмчлээд ч бүрэн төгс эмчлэгдэхгүй байгаа л даа. Гадны орнуудад 4-5 мянган ам.доллар байдаг гэсэн. Манайд ДОХ-ын шатандаа орсон нэг хүний нэг жилийн эмчилгээний зардал 1000 ам.доллор гэж тооцдог. Тэр хүн эм ууж эхэлснээсээ хойш үлдсэн амьдралынхаа туршид ийм зардлаар эмчилгээ хийлгэнэ гэсэн үг. Тиймээс эмчилнэ гэхээсээ илүү урьдчилан сэргийлэх зардлаа тооцож үзье. Бэлгийн хавьтлыг тэвчих, бие биендээ үнэнч байхад ямар ч мөнгө төлөхгүй. Бидний санал болгоод байгаа бэлгэвч л гэхэд 1 ширхэг нь дунджаар 100-хан төгрөгийн үнэтэй. Ийм хямдхан зардлаар өөрсдийгөө хамгаалах боломж бүрэн бий.

.

-Эмчилгээний эм бэлдмэл сүүлийн жилүүдэд олон болсон уу?

-Дэлхий нийтэд хориод төрлийн эм, тариаг хэрэглэж байна. Эдгээр нь вирусыг бүрэн устгахгүй, түүнийг үржих өсөх боломжгүй болгодог. Гэхдээ хэд хэдэн эм хамтруулан хэрэглэж байж үржлийг зогсооно. Манай улс ч гэсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталгаажуулсан эм бэлдмэлийг хэрэглэж байгаа. Гэхдээ эмчилгээ ярихаасаа илүү урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал.

.

-Халдварын шинж илэрсэн үед биенд ямар зовиур илэрдэг вэ?

-Хүний дархлалын эс алга болдог учраас ямар ч шалтгаангүйгээр халуурна, суулгана, ханиалгана. Эдгээр нь нэг сараас дээш хугацаагаар үргэлжилдэг. Мөн ажлын ачаалал, хоол хүнс хэвийн хэрнээ эцэж турах, хүзүү, суга, цавины гэх мэт тунгалагын булчирхай томрох, сульдах зэрэг шинж тэмдгүүд түгээмэл илэрдэг юм.

.

-Нэг үеэ бодвол сайн дураар ХДХВ-ын шинжилгээ өгдөг хүний тоо нэмэгджээ. Жилд хэдэн хүн хамрагдаж байна?

-Өнгөрсөн онд 272 мянга гаруй хүн шинжилгээнд хамрагдсан. Манай улс 1987 оноос эхлээд өнөөг хүртэл 1.8 сая гаруй шинжилгээ хийсэн байна. Манай улсад байхдаа шинжлүүлсэн гадаадын иргэдээс халдвартай долоон тохиолдол бий. Сайн дураар шинжилгээ өгч байгаа хүмүүс нэмэгдэж байгаа ч хангалтгүй байна. ХДХВ-ийн халдвар авах эрсдэлд өртсөн бүх хүн сайн дураараа шинжилгээнд хамрагдаж байвал хамгийн зөв юм. Бидний тооцож байгаагаар жилдээ хамгийн өндөр эрсдэлтэй гэсэн 400 мянга орчим хүн шинжлүүлж байвал тархалтын байдлыг нэлээд бодитоор дүгнэх боломжтой гэж үзэж байна.

.

-Эрсдэлтэй бүлгийн гэхээр ямар хүмүүс байх вэ?

-Биеэ үнэлдэг, тэднээр үйлчлүүлэгчид, хар тамхи судсаар тарьж хэрэглэдэг, эрэгтэйтэй бэлгийн хавьталд ордог эрэгтэй, бэлгэвчгүйгээр бэлгийн хавьталд ордог, БЗХӨ-тэй хүмүүс эрсдэлтэй бүлэгт орно. Үүнээс гадна сүүлийн үед залуучууд элдэв төрлийн гоо сайхны ажилбар хийлгэж, арьсаа гэмтээж шархлуулах болсон. Энэ замаар ХДХВ-ын халдвар тархах эрсдэл өндөр байдаг. Мөн манайхан гадаадад явахдаа шинжилгээ өгдөг хэрнээ ирсэн хойноо өгөхөө мэддэггүй. Энэ нь хамгийн дотны хүндээ халдвар тараах бас л эрсдэл болж байгаа юм.

.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

эрднээ:
маш аюултай
2015-02-21
sdfg:
idsen dox
2013-06-13
цццц:
ДОХ гэж ер нь бдаг юм үү? ойрд улс амьтан тэгж ярилцах болсон бнлээ
2013-06-12
Pioneer:
kkkk tiim bhaaa
2013-06-12
ppppppp:
tim blgude
2013-06-12
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ А:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-06-12