
Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийд Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал баригдах юм. Тэгвэл өнөөдөр тус нисэх буудлын барилгын ажлын нээлтийн арга хэмжээ Хөшигийн хөндийд боллоо.
Нээлтийн арга хэмжээнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүтэй Засгийн газрын гишүүд, Япон улсаас манай улс суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шимизү Такэнори болон барилгын ажлыг гүйцэтгэгч Японы Мицубиши-Чиёда компанийн төлөөлөл оролцов.
Энэ үеэр Элчин сайд Шимизү Такэнори хэлэхдээ “Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсад орчин үеийн нисэх буудал баригдах гэж байгаад баяртай байна. Шинэс нисэх буудал баригдсанаар Монголыг таньж мэдэх гэсэн гадаадын жуулчдын тоо эрс нэмэгдэнэ. Эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад нөлөөлнө. Энэ бол Монгол Улсын түүхэнд өндрөөр үнэлэгдэх бүтээн байгуулалт гэдэгт итгэлтэй байна. Барилгын ажлыг хийж гүйцэтгэн гар бие оролцох Мицубиши-Чиёда компанийн хамт олонд хандаж хэлэхэд аюулгүй байдлаа хангаж, дээд зэргийн гүйцэтгэлтэй сайн барилга барихыг хүсч байна” гэлээ.
Энэхүү шинэ нисэх буудал нь Улаанбаатар хотоос 50 км, Зуунмод хотоос 10 км зайд байрлах бөгөөд нийт 1200 га талбайг хамрах аж. Жилд гурван сая хүртэл зорчигч хүлээн авах хүчин чадалтай, орчин үеийн шаардлагад бүрэн нийцсэн зорчигч үйлчигээний барилга, цаг агаарын тааламжгүй байдал, салхины чиглэлээс үл хамааран 24 цагийн турш агаарын хөлөг хүлээн авах хоёр талын оролт гаралтын зурвастай байх гэнэ. Мөн нислэгийн хөдөлгөөнийг удирдах цамхаг, бие даасан ус, дулаан хангам, цэвэрлэх байгууламж зэрэг 30 гаруй барилга байгууламжаас бүрдсэн цогцолбор бий болох юм байна.
Японы засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах энэхүү цогцолборын барилгын гүйцэтгэгчээр Японы Мицубиши-Чиёда компани шалгарсан юм. 2016 оны арванхоёрдугаар сард ашиглалтад орох бөгөөд нийт 49.4 тэрбум иен буюу 498 сая ам.долларын өртөгөөр сүндэрлэх юм. Хөнгөлөлттэй зээлийг 0.2 хувийн хүүтэйгээр 40 жилийн хугацаанд манай тал төлж барагдуулна. Манай талаас зам тавих, шилэн кабелиар холбох, эрчим хүчээр хангах ажлуудыг хийх бөгөөд онгоцны буудал эхний ээлжинд зургаан хүзүүвчтэй, 3700 метр квадрат талбайтайгаар баригдах ажээ.
Шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орсноор 3000 гаруй ажлын байр бий болох юм. Түүнчлэн нисэх буудлын орчимд орчин үеийн зөв төлөвлөлттэй 100 мянга гаруй хүн амтай шинэ дагуул хотыг байгуулахаар төлөвлөөд байгаа аж.


П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ