
Нийслэлийн шүүхийн захиалгаар барьж гүйцэтгэсэн “Шүүхийн орон сууцны цогцолбор”-ын нээлтийн ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. Нээлтийн ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Улсын Дээд шүүхийн шүүгч А.Доржготов, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Дамдин-Од, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Н.Дагва, Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч, Монгол улсын гавьяат хуульч Б.Сарантуяа болон албаны бусад хүмүүс оролцов.
Шүүхийн орон сууцны цогцолбор нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол Манлай баатар Дамдинсүрэнгийн гудамжинд байрлах бөгөөд 14 давхар нийт 176 айлын орон сууц, худалдаа үйлчилгээний төвөөс бүрдэх юм. Уг цогцолбор барилгыг Нийслэлийн шүүхийн захиалгаар “Жугамт-Өргөө” ХХК 2011 оны 6 дугаар сараас эхлэн 2013 оны 6 дугаар сар хүртэл хугацаанд барьж гүйцэтгэсэн аж.

Шүүхийн шинэчлэлийн хүрээнд шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах эрх зүйн орчин сайжирч, шүүгч, шүүхийн ажилтнуудын нийгмийн асуудлыг онцлон анхаарахаар яригдаж байгаа энэ үед Нийслэлийн шүүхийн 80 жилийн түүхэнд анх удаа ийм орон сууц баригдаж байгаа нь томоохон дэвшил гэдгийг нээлтийн ажиллагаанд оролцогчид онцолж байлаа.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ