ЭЕШ-ын дүнгээ мессежээр авах боломжтой гэв
Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш эхэлнэ. Шалгалтад 43800 хүүхэд оролцохоор бүртгүүлжээ. Элсэгчдийг улсын хэмжээнд 52 шалгалтын байранд хуваарилан, шалгалт авах ажээ. Шалгуулагчид шалгалтад ирэхдээ шалгалтад хамрагдахад шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлсэн байх ёстой юм байна.
Тодруулбал, элсэгчид бүртгэлийн хуудас, шар хуудас, бүрэн дунд боловсролын гэрчилгээ /хувь/, иргэний үнэмлэх зэргийг бүрдүүлнэ. Харин иргэний үнэмлэх авах нас нь болоогүй бол суралцаж буй сургууль болон харьяа хороо, дүүргийн Засаг даргын тодорхойлолт авсан байх ёстой аж. Түүнчлэн бүртгэлийн хуудас нь тамга дарж, гарын үсэг зурж баталгаажсан байх хэрэгтэй гэнэ.
Энэ жилийн ЭЕШ-ын математик, физик, химийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут бол монгол хэл англи хэл, орос хэл, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн гүйцэтгэх хугацаа 80 минут байх гэнэ.
Шалгалтын дүн хэзээ гарах, элсэгчид хэрхэн дүнгээ сонсох талаар Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн болон Улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбатаас тодрууллаа.
Тэрбээр “Элсэлтийн ерөнхий шалгалт зургадугаар сарын 16-нд дууссанаас хойш манай Боловсролын үнэлгээний төв дээр бүх шалгалтын хуудсыг төвлөрүүлэн татдаг. Үүний дараа нэгдсэн журмаар шалгагч машинаар шалгуулагчдын материалыг уншуулдаг. Тэгээд долдугаар сарын 1-ний өглөө 09.00 цагт манай цахим хуудсанд шалгуулагчдын дүн, оноог байршуулсан байх болно. Тиймээс шалгуулагчид манай цахим сайтаас дүнгээ харах болно. Сурагчдыг сургуульд элсэн ороход ямар нэгэн хүндрэл учруулахгүй тулд энэ жил мессеж үйлчилгээг шинээр нэвтрүүлсэн байгаа. Уг үйлчилгээгээр дамжуулан дүнгээ мэдэх бүрэн боломжтой байгаа. Өөрөөр хэлбэл, шалгуулагч хувийн мэдээллээ оруулахдаа утасныхаа дугаарыг ашиглан Боловсролын үнэлгээний төвийн тусгай 133233 дугаарт мессеж илгээж интернэт орох шаардлагагүйгээр хэрэгтэй мэдээллээ авах боломжтой болсон гэсэн үг. Шалгалтын хувиар, шалгалт өгөх анги танхим, суудлын дугаарын мэдээлэл, шалгалтын дүн болон онооны мэдээллийг мессежний үнээр буюу 40 төгрөгөөр авах боломжтой” гэв.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ